Хорвоод 450 грамм жинтэй мэндэлсэн хүнд жингийн дэлхийн аварга

Т.Алтансүх | Yazguur.mn
Өчигдөр 16 цаг 34 минут

Мэргэжлийн боксын ноён оргил болсон тамирчид голдуу хүнд жингийн дэлхийн аваргууд байдаг. Хүнд жинд дэлхийн үнэмлэхүй аварга болсон хүн жингийн ангилал хамаарахгүй чансааг ямар ч эргэлзээгүйгээр тэргүүлдэг бичигдээгүй хуультай. Тэгвэл хүнд жингийн аваргын бүсүүдийг нэгтгэх түүхэн тулаан ирэх долдугаар сарын 24-нд Уэмблид болно гэдэг мэдээллийг боксын өнөө цагийн шилдэг промоутер Эдди Хирн өчигдөр олон нийтэд мэдэгдлээ. Өдгөө мэргэжлийн боксын хүнд жинд англичууд бүрэн ноёрхож байгаа бөгөөд Энтони Жошуа WBA, WBO, IBF, Тайсон Фьюри WBC холбооны аваргын бүсийг эзэмшиж байгаа юм. Энэ хоёроос Лондоны олимпийн аварга Э.Жошуа өнөө цагийн өнгийг тодорхойлсон шилдэг тамирчин бол Тайсон Фьюригийн үнэхээр сонирхолтой намтартай нэгэн.  Мэргэжлийн бокст хаанчлалаа тогтоогоод 10 гаруй жилийн нүүр үзсэн ах, дүү Кличкогийн ноёрхлыг 2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны бямба гаригт Дюссельдорфын спортын ордонд төгсгөл болгосон хүн бол тэр. Энэ тоглолтын дараа мэргэжилтнүүд “Мэргэжлийн бокст шинэ эрин эхэллээ” хэмээн нэгэн дуугаар дүгнэсэн нь В.Кличкогийн арын боксчид төвшин ижил байсантай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, өрсөлдөөн ширүүсч, тэр хэрээр сонирхолтой болно гэсэн санаа.

Мөн хүнд жинг өөрсдийнхөө өмч гэж үздэг америкчууд Владимир, Виталий хоёр бусдаасаа тасарсны дараа их мөнгө гаргахаа больсон. Урьд нь хамгийн их шагналтай байсан хүнд жин нэр хүндээ Сауль Альварез Ф.Мэйвейзер, М.Пакъяо зэрэг тэнцүү өрсөлдөгчид бүхий дунд жинд алдсаныг бүгд мэднэ. Ах, дүү Кличког унасны дараа байдал өөрчлөгдсөн учир хүнд жингийн гол тулаанууд Герман, Англиас АНУ руу шилжиж, дахин их мөнгө даллан дуудах нь дамжиггүй гэцгээж байлаа. Тиймээс америкчууд Деонтей Уайлдертай тулалдуулж, аваргын бүсээ буцааж авах найдлага тээсэн. Гэтэл Тайсон Фьюри түүнийг хоёр ч удаа хожин аваргаа хамгаалсан билээ. Тэрээр В.Кличког ялсныхаа дараа гурван жил нэг ч тулаан хийгээгүй. Нас ахиж яваа хүний хувьд энэ бол алдагдал байсан. Гэсэн ч залуу өрсөлдөгчөө 2020 оны хоёрдугаар сард нокаутаар ялж чадсан юм. Энэ хооронд жин нэмж, түүнийгээ хаяж, тамирчин хүний тэсвэр хатуужлыг ч харуулаад авсан гэж байгаа. 


Америкчуудын санаархал бусад холбоодод ч бүтэлгүйтэж Энтони Жошуа хэмээх аварга ноёрхох нь тэр ээ.

Тайсон Фьюри гэж хэн бэ

Тайсон Люк Фьюри 1988 оны зургадугаар сарын 12-нд Британийн Чешир гүнлэгийн Уимслоу хотод төрсөн. Ирланд гаралтай. Хугацаанаасаа долоон долоо хоногийн өмнө мэндэлсэн учир эхээс ердөө 450-хан грамм жинтэй төрсөн гэдэг. Эмч нар түүнийг “Амьд үлдэхгүй” гэж байсан ч эцэг Жон Фьюри нь хүүгээ амьдарна, амьдраад зогсохгүй дайчин эр болно гэж мэдэж байсан гэлтэй. Цагтаа “Цыган” хочтой мэргэжлийн боксчин явсан тэрбээр хүүдээ өөрийн шүтээн Майк Тайсоны нэрийг өгч, боксын спортоор хичээлүүлж эхэлсэн юм. Хүү нь өдгөө эцгийнхээ хочийг тоглолтын хувцас дээрээ бичүүлэн тулалддаг. 

Тайсон мэргэжлийн бокс дахь анхны тулаанаа 2008 онд Бел Дьендешигийн эсрэг хийж байв. Гэхдээ тэрбээр өрсөлдөгч бүрээ нам цохисоор өнөөгийн өндөрлөгт гараагүй. Дөрвөн удаа ялагдал хүлээж, “Дээд түвшинд тоглох болоогүй байна” хэмээн чичлүүлж явсан үе түүнд бий. Түүний баг мэргэжлийн боксын IBF, WBA, WBO, IBO холбооны аварга цол эзэмшигч В.Кличкотой тоглолт хийхээр тохирч байх үед ч ээлжит ялагдлаа амсана гэж үзэгсэд олон байсан юм. Владимирын талаар  “Аварга цолоо удаан хадгалахын тулд сулхан өрсөлдөгч сонгодог” гэсэн шүүмжлэл газар авчихсан байсан үе болохоор арга ч үгүй. Харин одоо бодоход, Т.Фьюри В.Кличкод тохирсон хамгийн шилдэг өрсөлдөгч байжээ. Хүнд жингийн бүхэл бүтэн үеийг ах, дүүсийн сүүдрээс гаргаснаараа тэрээр хүнд жингийнхний аврагч гэж дуудуулсан үе ч бий. Одоо тэрээр доод талынхаа үеийн хамгийн шилдэг нь болох Энтони Жошуатай түүхэн тулаан хийх гэж байна. Уэмблид болох энэ тулаанд ялбал тэрээр гарцаагүй, боксын түүхэн дэх агуу боксчдын нэг хэмээн тооцогдох юм.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна