ЗАЛУУС ЭМНЭЛГИЙН ӨВЧТӨН ТУСГААРЛАХ ХААЛТ ХИЙЖ ХАНДИВЛАН БУСДЫГАА УРИАЛЛАА

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/04/28

“Rising development Mongolia LLC” компанийн залуус нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цар тахалтай тэмцэж байгаа эмнэлгийн эмч ажилчдад нэн шаардлагатай  хүнд өвчтэй хүнийг орон дээр нь тусгаарлах хаалт болох мананцар үүсгэгчээс хамгаалах хэрэгсэл хийж хандивлажээ. Бид тус компанийн Ерөнхий инженер Ж.Буяннэмэхтэй утсаар холбогдон энэ талаар тодрууллаа.  Тэрээр “Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүнд өвчтөнүүдэд шаардлагатай байгаа эмнэлгийн хаалтыг хийсэн. Манай нэг залуу сантехникийн шугамаар хүлэмж хийсэн юм. Түүнээс санаа аван эмнэлгийн хүнд өвчтөнийг тусгаарлах хаалтыг Франц, Австрали, Японд яаж хийснийг судлаад монголдоо монгол хүний сэтгэхүйд зориулсан хэлбэр хийцтэйгээр хийсэн.  Эмч найзтайгаа ярилцаж суухад “Эмч нар их халдвар авч байна. Хоёр сарын дараа эмч дутагдалтай болно” гэж хэлсэн учраас өөрсдийн нөөц бололцоог ашиглан дэлхийн стандартад нэлээд дөхүүлэн таван ширхгийг хийж Япон Монголын эмнэлэгт өгсөн. Түүнээс хойш хөдөө орон нутаг хотын эмнэлгүүд хандан захиалга их өгч байна. Гэхдээ бид баян компани биш шүү дээ. Эмч нар, ялангуяа хүнд өвчтөнтэй байнга ажилладаг сувилагч нараа халдвараас хамгаалья гэсэн зорилгоор хийсэн. Коронавирусийн халдвараа буулган ажлаа хиймээр байна шүү дээ. Түүнээс ашиг хонжоо хараагүй. Өөр байгууллагуудад үүнийг хийх тал дээр уриалга гаргахад хүлээж авсан. Олон компани хөл хорио гээд ажилгүй зогсож байгаа ч хамтдаа энэ цар тахлыг даван гарахын төлөө хичээж өөрсдийн боломж, бололцоогоороо нэгдэн ажиллахаа илэрхийлээд байгаа. Бидэнд захиалга их ирж байна. Бид өнөөдөр гэхэд л QR кодгүй ч алхаж ирээд СХД-ийн Нэгдсэн эмнэлэгт 10 ширхэг хаалтаа хүлээлгэн өглөө. Хэрвээ бидэнд QR код олгох юм бол цаашид үйлдвэрлэх боломж байна” гэлээ. Монголд хамгийн сүүлийн үеийн цахилгаан халаагуур суурилуулж угсардаг компанийн залуус ийнхүү бусдыгаа цар тахлыг хумин ажлаа үргэлжлүүлэх сайхан цагийн төлөө нэгдэхийг уриаллаа.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.229.122.51
    2021/04/29

    Мундаг залууст амжилт хүсье.

    Хариулах