Өвгөн, эмгэн хоёр морз ашиглан, асрамжийн газраас оргожээ

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/05/02

АНУ-ын Теннесси муж дахь Ливан хотын асрамжийн газраас армид алба хааж байсан өвгөн, эмгэн хоёр оргосон хэрэг гарчээ. Нэрийг нь нууцалсан хоёр буурай ой санамжаа алдах, мартах өвчтэй тул тусгай хэрэгцээт хөгшчүүдийн Илмкрофф асрамжийн газарт хамтдаа амьдардаг аж. Тэд оргохдоо армид алба хааж явсан залуу насныхаа туршлагаар морз код ашиглажээ.

Асрамжийн газрын тухайн хэсэг цахилгаан цоожтой төмөр хаалгатай байжээ. Гэвч энэ саад код тайлагч хөгшин байлдагчдын өмнө аргагүй нуран унасан бололтой. Теннесси мужийн эрүүл мэндийн газраас мэдээлснээр өвгөн, эмгэн хоёр морз код ашиглан, армийн туршлагаа сэргээн санаж, зугтах төлөвлөгөө боловсруулсан байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, тэднийг асрамжийн газраас оргосныг мэдээд албаныхан 30 минут хайсны эцэст хоёр барилгын цаана хөтлөлцөн алхаж явахад нь олсон аж. Өвгөн, эмгэн хоёрыг буцааж хүргэх зуураа асрамжийн газрын ажилтан тэднээс яаж цахилгаан цоожтой хаалганы учрыг олж оргосон талаар асууж тодруулжээ.

Тус ажилтан “Хөгшчүүлийн асрамжийн газрын хувьд аюулгүй байдал бол нэн тэргүүний шаардлага. Тиймдээ ч оргосон хоёр буурайг аюулгүй эргүүлэн авчирсандаа бид баяртай байна. Бид болсон явдлыг мэдмэгцээ орон нутгийн удирдлага болон өвгөн, эмгэн хоёрын ар гэрийнхэнтэй холбогдож, шуурхай ажилласан” хэмээн ярьжээ.

Болсон явдлын дараа асрамжийн газар 2000 ам.доллараар торгуулж, хаалганыхаа кодыг сольсон байна. Түүнчлэн асрамжийн газрын ажилтнууд хөгшчүүдийг илүү нарийн харж хандаж байхаар болжээ. Мөн оргосон хосыг асрамжийн газрын ажилтантай хамт тогтмол гудамжинд гарган салхилуулж байхаар болсон аж.

Эх сурвалж: UNILAD



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна