“Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлгийг бэлтгэсэн сэтгүүлчдэд эрүүгийн хэрэг үүсгэжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/03

Сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар Улсын Ерөнхий прокурорын газарт шаардлага хүргүүлж буй талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

“УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлэгтэй холбоотойгоор дээрх сэтгүүлчдийг холбогдогчоор дуудсан нь ийнхүү шаардлага хүргүүлэхэд хүрчээ.

Энэ талаар сэтгүүлч Ц.Анхзул “Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол зөвхөн сэтгүүлчдэд биш бүх хүнд хамаатай асуудал байдаг. Өнөөдөр сэтгүүлчид асуудал гаргаж тавьсныхаа төлөө холбогдогч болж, мэдүүлэг өгөх цагдаагийн байгууллагын шаардлагатай тулгараад явж байна.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 25-нд Цахиур эрэн сурвалжлах нэвтрүүлгээрээ “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэртэй нэвтрүүлгийг бэлтгэн гаргасны дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас сэтгүүлч С.Будрагчаа бид хоёрыг гэрчээр дуудаж мэдүүлэг авсан. Миний хувьд хоёр удаа мэдүүлэг өгсөн. Энэ асуудал хуулийн шатанд шалгагдах юм байна гэсэн хүлээлттэй байтал өнөөдөр өглөө ЦЕГ-ийн Нийтийн хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Ганбат хошууч дуудаж, “та хоёроос холбогдогчоор мэдүүлэг авна” гэж хэлсэн.

Яагаад холбогдогч болж байгааг асуухад Ц.Анандбазарын хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах албанаас харьяалал тогтоолгохоор УЕПГ руу санал өгүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл аль цагдаагийн хэлтэс энэ хэргийг шалгах вэ гэдэг харьяаллыг тогтоолгох гээд албан бичгээр хандсан хэрэг. Ийнхүү УЕПГ-аас харьяалал тогтоохоос гадна өөрт олгогдоогүй эрхээ хэрэгжүүлсэн чиглэлийг ЦЕГ-т хүргүүлсэн.

Зөрчлийн тухай хуулийн 6.26 дугаар зүйлийг илтэд гуйвуулж сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг зөрчил үйлдсэн байдлаар буюу холбогдогчоор шалгах чиглэлийг /Зөрчил шалган шийдвэрлэх прокурор Алдархишиг гэж хүний гарын үсэгтэй/ ирүүлсэн байсан.

Юу нь зөрчилтэй байгааг асуухад “Та нар шүүхээр тогтоогдоогүй байхад хүний нэр төр, алдар хүндэд халдсан мэдээлэл гаргасан байна” гэсэн. УЕПГ УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хуулийн фирм биш биз дээ. Иймд н.Алдархишиг прокурорынхоо гаргасан зүйлд хяналт шалгалт хийж өгөхийг хүссэн шаардлагыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүргүүлж байна. Ийм асуудал гаргаж тавьснаараа бид өнөөдөр холбогдогчоор дуудагдаад, маргааш яллагдагч болоод явах боломжтой. Нэвтрүүлэг гаргасныхаа төлөө яагаад холбогдогч болох ёстой вэ” гэлээ.

Эх сурвалж: updown.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна