Ц.Анандбазарын хэргээр сэтгүүлч нарт эрүү үүсгэж, шалгаагүй гэв

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/04

"УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” гэх нэвтрүүлгийг бэлтгэсэн  сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг холбогдогчоор шалга гэсэн үүрэг чиглэлийг Улсын Ерөнхий прокурорын газраас цагдаагийн байгууллагад өгч, хэвлэлийн эрх чөлөөнийх нь өдөр холбогдогчоор дуудан, эрүүгийн хэрэг үүсгэн шалгалаа гэсэн мэдээлэл гарсан. Улмаар өчигдөр дээр нэр дурдагдсан сэтгүүлчид Улсын ерөнхий прокурорын газарт шаардлага хүргүүлсэн билээ. Энэ талаар УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас тодрууллаа.

-Танай байгууллага сэтгүүлч нарыг нэр зааж холбогдогчоор шалга гэсэн үүрэг чиглэлийг цагдаагийн байгууллагад өгсөн юм уу?

-Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтэст Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас “Metoomongolia хөдөлгөөн” болон нийгмийн бусад сүлжээгээр удаа дараа гарч байгаа “Бэлгийн дарамт учруулах” зөрчлийн шинжтэй мэдээллүүдийг шалган шийдвэрлэх харьяаллыг тогтоолгох тухай албан бичгийг ирүүлсэн. Үүний дагуу холбогдох материалыг нь хянаад хууль, тогтоомжийн дагуу харьяаллыг тогтоож шийдвэрлэсэн.

Прокуророос холбогдох материалыг харьяалал тогтоож цагдаагийн байгууллагад хүргүүлэхдээ хэн нэгэн хүнийг болон сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг холбогдуулан шалга гэсэн үүрэг чиглэл өсгөн асуудал байхгүй. Мөн дээрх нэр бүхий сэтгүүлч нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг бол ташаа мэдээлэл байна.

-Тэгвэл сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нарыг яагаад цагдаагийн байгууллагаас холбогдогчоор дуудсан юм бэ?  

-Эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөрчлийг шалгаж, шийдвэрлэдэг учраас энэ талаар тухайн байгууллагаас тодруулах нь зүйтэй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна