Энэтхэг улсад 175 сэтгүүлч халдварын улмаас нас баржээ

Г. Энх-Амгалан | Yazguur.mn
2021/05/04

Энэтхэг улсад сүүлийн 14 сарын хугацаанд коронавирусын халдварын улмаас 175 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан нас барсан гэж тус улсын Хэвлэлийн эмэгтэй ажилтнуудын холбоо /NWMI/ мэдээлжээ.

Тус байгууллага коронавирусын халдварын улмаас нас барсан сэтгүүлч, редактор, нэвтpүүлэгч, зурагчин, фото сэтгүүлчдийн нэрсийг цахим хуудсандаа нийтэлж, эмгэнэн гашуудаж буйгаа илэрхийлжээ. Үүнд ажиллаж байсан, тэтгэвэртээ гарсан хүмүүсийн аль алийг оруулсан боловч тэдний хэд нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан нь тодорхойгүй байна.

Коронавирусын халдварын хоёр дахь давлагаанд нэрвэгдээд буй Энэтхэгт хүчилтөрөгч, эмнэлгийн ор, эм тариа, вакцины ноцтой хомсдол үүсээд байгаа бөгөөд энэ нь халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо орон даяар олноор нэмэгдэхэд нөлөөлөх болжээ.

Энэтхэгт коронавирусын вакцинжуулалтын эхний үе шатанд галын шугамд ажиллаж буй ажилтнуудыг хамруулсан боловч сэтгүүлчдийг олноор нь хамруулаагүйгээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд ажилтнуудаа аюулгүй ажиллах нөхцөлөөр хангаагүй байна.

Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгслүүд амин чухал мэдээ мэдээлэл, гэрэл зураг, дүрс бичлэгүүдийг бэлтгэж буй ажилтнуудынхаа эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлд идэвхийлэн ажиллах хэрэгтэй байна гэж Хэвлэлийн эмэгтэй ажилтнуудын холбоо мэдэгджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна