УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний нөхөр Г.Өлзийбүрэн нар вакцин оруулж ирэхэд саад учруулсан

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/10

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 дахь хоногтойгоо золголоо.

Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Төрийн ордонд хэвлэлийнхэнтэй уулзаж, сонирхсон асуултад хариулж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тавдугаар сарын 2-нд орон нутагт вакцин түгээх үйл явдлын үеэр "Нэг ч вакцин татан авахгүй, нэг ч вакцин үйлдвэрлэж чадахгүй хэр нь битгий гай бол гэж хэлмээр байна. Манай зарим улстөрчдийн хариуцлагагүй үйлдэл вакцины татан авалтад нөлөөлсөн байна. Цар тахлын хажуугаар би улстөржихгүйг хичээж ирсэн. Асар их тэвчээр гаргаж явж байна. Гэхдээ би бас нэг их тэвчээд яваад байдаг хүн ч биш. Би ажлаа л хийж байна. Шаардлагатай бол тэр УИХ-ын гишүүдийн нэрийг зарлана гэж бодож байна. Эрүүл мэндийн том системийн эсрэг явж, зохион байгуулалттайгаар буруу мэдээлэл өгч байгаа нь эх орноосоо урвасан үйлдэл шүү. Энэ асуудал дээр нэр бүхий улс төрийн алиа салбадай нарт хатуухан анхааруулж байна" гэсэн мэдэгдэл хийж байсан билээ. 

Тэгвэл өнөөдөр тэрбээр вакцин татан авалтад саад учруулж, нөлөөлсөн УИХ-ын гишүүний нэрийг хэвлэл мэдээллийнхэн болон олон нийтэд зарлалаа.

Тодруулбал, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт дээрх үйлдлийг хийсэн байна. Тиймээс тэднийг хууль, хяналтын байгууллагад шалгуулна гэж Ерөнхий сайд мэдэгдэв. 

Тэрбээр "Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Асуудлыг хурцатгаж яах вэ гэж бодоод чимээгүй явсан. Онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн н.Өлзийбүрэн нар байсан. Зарим сэтгүүлчидтэй ярьж, гаалийн байцаагч нар руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр албан тушаалтан ийм зүйл гаргаж болохгүй. Энэ асуудлыг би шалгуулна. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаж, дарамталж Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулах нь ёс зүйд таарахгүй. Би тэр хүнийг хүндэлдэг. Гэтэл маш их харамсмаар үйлдэл тэр болон түүний гэр бүлийн хүн дээр гарсан. Цар тахал бол тоглоом биш" хэмээн ярилаа. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.17
    2021/05/10

    Одонтуяагийн үгэнд хэн ордог юм .Кк

    Хариулах