Халдвараар нас барагсдын цогцсыг Ганга мөрний усанд хаяж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/11

Энэтхэгийн хойд хэсэгт Ганга мөрний эрэг орчмоос 40 гаруй цогцос олсон тухай цагдаагийнхан мэдээллээ. Бихар, Уттар Прадеш мужуудын заагт олдсон эдгээр цогцос Ковид19 халдвараар амиа алдагсад байж магадгүй хэмээн таамаглаж буй ажээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 100 орчим хүний цогцос олдсон тухай мэдээлсэн бөгөөд зарим нь хөөсөн, хэсэгчлэн шатсан байгаа нь хэдэн өдрийн туршид голд хөвсөнийг илтгэнэ.  

Бихар мужийн ужийн төлөөлөгч Ашок Кумарын ярьснаар эдгээр цогцос Уттар Прадеш мужаас ирсэн байх магадлалтай гэнэ. Мөн тун удахгүй шарилыг оршуулах эсвэл чандарлах болно гэжээ. Энэтхэгийн NDTV сувгийн мэдээлснээр Уттар Прадеш мужид чандарлах газрууд усанд автсан эсхүл чандарлах модны хомсдол, оршуулгын зардал нэмэгдэж байгаа нь зарим гэр бүлд халдвараар нас барсан хүний шарилыг шууд гол руу оруулахаас өөр аргагүй байдалд хүргэж байгаа ажээ.

Орон нутгийн оршин суугч Чандра Мохан "Хувийн эмнэлгүүд хүмүүсийг дээрэмдэж байна. Энгийн иргэдэд тахилч нарт өргөл өгөх,  өгөх эсвэл чандарлах мөнгө байхгүй. Оршуулах ёслол гүйцэтгэгчид ердөө түргэн тусламжийн машинаар цогцос зөөхийн төлөө 2000 рупий [27 ам.доллар] нэхэж байна. Тиймээс мөнгөгүй болсон хүмүүс төрөл төрөгсдийнхөө цогцосыг хаях цорын ганц газар нь Ганга мөрөн болчихлоо" хэмээн BBC-йн сурвалжлагчид ярьжээ. 

Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээс харахад Энэтхэгт тахал эхэлснээс хойш 22.6 сая гаруй тохиолдол бүртгэгдэж 246 116 хүн амиа алдаад байна. Гэхдээ амь үрэгдэгсдийн бодит тоо үүнээс хавьгүй өндөр байх магадлалтай гэж шинжээчид үзэж буй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна