Э.Бат-Үүл: Би С.Зоригийн хэргийг нууцаас гаргавал бүгдийг ярина

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/12

Засгийн газар 100 хоногийн ажлаа олон нийтэд тайлагнаж, сэтгүүлчдэд хариулт өгсөн. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж маш ноцтой мэдээлэл өгсөн нь С.Зоригийн аллагыг захиалагч нь Э.Бат-Үүл гэдгийг Ц.Амгаланбаатар мэдүүлсэн тухай байсан юм. Түүний энэхүү мэдээлэлтэй холбоотойгоор АН-ын нийслэлийн намын хорооны дарга Э.Бат-Үүл мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “2019 оны 4 сард Хууль зүйн сайдын нэр дээр “Олон жил намайг СЗоригийг бүрэлгэсэн хэрэгт холбон зохион байгуулалттайгаар гүтгэсэн асуудал болсон. Санаатайгаар холбож байгаа хүмүүсийг олж өгч, үнэнийг тогтоож өгөх хүсэлт” тавьсан. Хүсэлтийн хариуг Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Билгүүнээс ирсэн. Хуулийн дагуу прокурорын байгууллагад шилжүүлсэн бичиг. УПЕГ-аас Нийслэлийн прокурорт шилжүүлсэн тухай албан бичиг ч ирсэн.

Сүүлийн үед сайд Ц.Нямдоржийн гаргаж байгаа хачин авирыг хараад байх тусам, хүсэлтээ буруу хаяглаж явуулсан юм шиг байна. Нэн ялангуяа Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг захиалсан байж болзошгүй санаа бүхий зүйлүүд ажиглагдаж байна. Энэ хэргийг хянан байсан хүмүүсийн ярьж байсныг үндэстэй байх гэж бодож байна.

Тиймээс Ц.Нямдорж энэ хэргийн захиалагчтай холбоотой байж болзошгүй гэсэн бодол төрөх боллоо.

Надад ингэж үзэх гурван үндэслэл байна.

Ц.Нямдорж Хууль зүйн яамыг 20 жил толгойлсон. Үүн шиг олон жил энэ яамыг толгойлж байсан хүн байхгүй. Ц.Нямдорж хууль зүйн яамыг толгойлж байсан, УИХ-ын гишүүн, дарга байсан хүний хувьд хуульд захирагдах ёстойг сайн мэднэ.

Төрийн өндөр албан тушаалтнууд хуульд нийсэн үйл ажиллагаа явуулах ёстой гэдгийг сайн мэдэх ёстой. Энэ хүн сандраад тэвдээд хуулийг уландаа гишгэж байна. Хардаж байгаа нэг үндэслэл минь энэ.

Мөн өөрийгөө Монголын хуулиас дээгүүрт тавих боллоо. Хуулиас өөрийгөө дээр тавьж байна гэдэг бол ноотой гэсэн үг. Ц.Нямдорж галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг авцалдаагүй, логикгүй юм ярьдаг болсон байна лээ.Маш их зөрчилтэй зүйл ярьдаг болсон.

Хууль зүйн яамыг олон жил толгойлсон хүн айл гэр шатааж, хүний аминд хүрсэн хүний үгийг өргөж авчраад, алуурчны үгээр үг хийж байна. Сэтгэц нь зүгээр байгаа даа гэсэн сэтгэгдэл төрж байна. Баабар сэтгэц нь өөрчлөлттэй гэж бичиж байсан.

Ц.Нямдорж энэ үйл ажиллагаагаа хүний эрхийн төлөө тэмцэж байна гэж худлаа ярьж байна. Хүний эрхийг чангатгахын төлөө л явсан. Эрүүдэн шүүх төхөөрөмжийг Ц.Нямдорж оруулж ирж байсан. Гэтэл одоо хүний эрхийн төлөө тэмцэгч болж харагдаж байна.

Ц.Нямдоржийг захиалагчтай холбоотой гэсэн хардлага үнэн бол энэ хүн гаднын тусгай албадтай хамтарсан байж болзошгүй. Манай тагнуулыхан мэдэгдэж байсан. Гэвч Улсын нууц задалсан хэргээр ял эдэлсэн.

Тагнуулын удирдлагууд шоронд орж ял хүлээсэн. Тэр хүмүүсийг Ц.Нямдоржийг гүтгэсэн хэргээр ялласан.

Хэрвээ Ц.Нямдорж захиалагчтай холбоотой юм бол, миний хардлага үндэслэлтэй бол гаднын захиалгатай хэрэг гэсэн үг.

1990 онд гаднын ТБ-тай холбоотой байсан бидний мэддэг байсан хүмүүс сүүлийн үед идэвхжиж байна. Тэгэхээр миний хардлага газар авч байна. Үүнийг би зориуд мэдэгдэхээр олон нийтэд хандаж байгаа юм” хэмээв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна