ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нас барсан эмэгтэйг буруутгав

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/13

Төрөөд 40 хонож байсан хөхүүл эмэгтэй вакцин хийлгээд нэг өдрийн дараа нас барсан гэх мэдээлэл олон нийтэд хүрч иргэд бухимдалтай хандсаар байна.

Хамгийн их анхаарал татаж байгаа зүйл нь талийгаач эмэгтэй вакцинжуулах цэг дээр очиж “Би хөхүүл төрөөд удаагүй байгаа. Вакцин хийлгэж болох уу гэж асуусны үндсэн дээр дархлаажуулалтад хамрагдсан юм.

Харин тухайн өдөр гарч байсан эмч нар талийгаач эмэгтэйг даралтыг хэмжилгүй асуумж бөглүүлээд шууд тарьсан гэдгээ манай сайтад мэдээлсэн.

Эмч нарын хэлж буйгаар Эрүүл мэндийн сайдын 4 сарын 21-ний өдрийн тушаалд “Хөхүүл эмэгтэйчүүдэд Хятад вакциныг хийж болно гэж ирсэн. Энэ дагуу бид яамны тушаалаа хэрэгжүүлсэн гэсэн.  Яамны зүгээс 5 сарын 3-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөхдөө Хятад улсад үйлдвэрлэгдсэн вакциныг хөхүүл эмэгтэйчүүдэд хийхгүй гэсэн заалттай гэсэн байв.

Энэ талаар мөн үйлдвэрлэгч орон болох Хятад улсын сайтад хөхүүл болон даралт ихсэх өвчтэй хүнп  хийхгүй гэсэн анхааруулга гаргасан байсанг мэдээлсэн.

Гэтэл үйлдвэрлэгч орны анхааруулгыг авч үзэлгүй яамны зүгээс хоёр өөр мэдээлэл өгсөн. Мөн талийгаач эмэгтэйн охины эсрэг вакцинаас болж нас бараагүй гэх зэргээр яам өчигдөр орой мэдээлэл хийлээ.

ШШҮХ-ээс урьдчилсан байдлаар суурь өвчлөлөөс буюу тархины цус харвалтаас үүдэн амиа алдсан талаар дүгнэлт гаргасан гэдгийг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг мэдээллээ.

Тэрбээр, Эрүүл мэндийн салбар болон ЭМЯ-ны зүгээс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгчдөд гүн эмгэнэл илэрхийлж байгаагаа  мэдэгдээд үүнийг вакцинаас үүдэлтэй хэмээх ташаа мэдээлэл тарсан нь бусад ээжүүдэд дархлаажуулалтад хамрагдахаас айж болгоомжлох, цаашлаад коронавирусийн халдвар авч, өвчлөх эрсдэл үүсгэж байна гэж үзсэн тул ийнхүү яаралтай мэдээлж байгаагаа тайлбарлав.

Мөн вакцинжуулалтын дараах урвал, хүндрэлийн хамаарлыг тогтоох хороо ажилладаг бөгөөд энд олон төрлийн эмч, мэргэжлийн хяналтын байцаагч, эмгэг судлаач, ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын алба, дархлаа судлаачид ажилладаг гэдгийг дурдлаа.

"ШШҮХ-ийн эмгэг судлалын шинжилгээгээр бүсгүйн эндсэн шалтгаан вакцинтай ямар ч холбоогүй болох нь урьдчилсан байдлаар тодорхой болж эхэлж байна. Талийгаачийн оношийг танилцуулбал, тархины суурийн судасны өмнөд артерын духны дэлбэн хэсэг рүү салаалсан хэсэгт аневризм буюу судасны том хэмжээний цүлхэнтэй байсан байна. Энэ цүлхэн хагарснаас болж тархины хоёр тал бөмбөлгийн суурин хэсгийн аалзавч бүрхүүлийн тархмал цус харвалт үүсэж, уг эмгэгийн улмаас нас барсан гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна.

Энэ эмгэг нь дэлхийд болон Монгол Улсад нас баралтын шалтгаан, тэр дундаа халдварын бус нас баралтын шалтгааны тэргүүнд бичигддэг. Сүүлийн 5 жилийн байдлаар жилд 6,200 хүн тархины харвалт оношоор эмнэлэгт хэвтэж, тусламж үйлчилгээ авч байна. Нас барах эрсдэл гэвэл 60-87 хувь нь тусламж авч чадахгүй, эсвэл тусламж авах явцдаа нас бардаг гэсэн статистик байна. Мэс заслын эмчилгээ хийгддэг. Хагалгаа амжилттай хийгдсэн ч хагалгааны дараах 14 хоногт нас баралт 16 хувьтай байдаг.

Сүүлийн үеийн судалгаагаар жилд 10 орчим жирэмсэн болон хөхүүл ээж нарт уг эмгэг тохиолдож, 2019 оны байдлаар хоёр эх эндсэн байна.

Харамсалтайгаар нас барсан эмэгтэй маань даралт ихсэх эмгэгээр сүүлийн жилүүдэд хянагдаж байсан, жирэмсний хяналтын картад мөн энэ талаар бүртгэгдсэн байна. Уг эмгэг санамсаргүй байдлаар оношлогддог, ихэнхдээ шинж тэмдэггүй байдаг. Тиймээс бусад шалтгаанаар шинжилгээ хийх явцад илэрдэг. Харамсалтай нь талийгаач эмэгтэй оношоо мэдэхгүй, санамсаргүй байдлаар судасны аневризм болсон нь вакцинжуулалтын цаг хугацаатай давхцаад тархинд цус харваж нас барсан байна.

ЭМЯ-ны зүгээс ийнхүү яаралтай мэдээлэл хийж байгаагийн шалтгаан нь вакцины улмаас хөхүүл эмэгтэй нас барсан гэсэн ташаа мэдээлэл нь цаашдаа олон хөхүүл, нялх хүүхэдтэй ээж нарт айдас төрүүлж, вакцинд хамрагдахгүй, улмаар халдвар авах өвдөх эрсдэл үүсэх тул мэдээлэх нь зүйтэй гэж үзлээ" гэв.

Эх сурвалж: tsahiur.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна