Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг ТЕГ-аас шалгаж эхэлжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/14

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид холбогдох хэргүүдийг нэгтгэн тагнуулын байгууллагад шалгуулахаар прокуророос харьяалал тогтоожээ.

Түүнийг Эрдэнэт үйлдвэр, “Монголросцветмет”-ийн 49 хувийн хувьцааг Монгол Улсын Засгийн газрын давуу эрхээс татгалзуулж, Д.Эрдэнэбилэг нарын үүсгэн байгуулсан “Монголын зэс корпорац” ХХК-д шилжүүлэх ажлыг зохион байгуулж хамтран оролцсон хэмээн шалгасан юм.

Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцож, гэм буруутай, эсэхийг нь шүүхээр тогтоолгох санал гаргаж, прокурорын хяналтад хүргүүлсэн билээ.

Гэвч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд хүсэлт гаргаж, яллах дүгнэлтийг хүчингүй болгуулахаар хандсан. Үүнээс хойш хэрэг хэрхсэн нь тодорхойгүй өнөөг хүрсэн юм. Мөн уг хэрэгтэй хамтатган БНСУ-ын иргэн Ү Так Гуаны 3.7 сая ам.долларыг залилсан гэх гомдлыг шалгаад гэм буруутай нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгожээ.

Тэгвэл прокурорын байгууллагаас Ц.Элбэгдоржид холбогдох, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцаатай холбоотой дээрх хэргийн яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгоод нэмэлт ажиллагаа хийлгэхээр ТЕГ-ын Мөрдөн шалгах газарт шилжүүлсэн байна. Учир нь Эрүүгийн хуулийн 19.6 буюу хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэх зүйл ангид хамаарах хэргийг шалгах эрх бүхий байгууллага нь ТЕГ учраас ийнхүү тус газарт хүргүүлсэн аж.

Ц.Элбэгдоржид хамаарах Тавантолгойн ордын гэрээтэй холбоотой хэрэгт Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийг нэгтгэн шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: updown.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна