Л.Энх-Амгалан: Нийслэлд хамгийн багадаа 64 цэцэрлэг, 60 сургууль нэмж барих шаардлагатай

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/05/19

Засгийн газрын өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаанаар нийслэлд тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Нийслэлд хамгийн багадаа 64 цэцэрлэг, 60 сургууль нэмж барих шаардлагатай. Гэтэл нийслэлийн Боловсролын газрын дансанд сургууль, цэцэрлэг барих 67 газар л байна. Энэ жил л гэхэд төсөвт суусан найман цэцэрлэг, сургууль газаргүй байгаа. Энэ жил болон ирээдүйд нийслэлд барих хоёр сургууль, цэцэрлэг тутмын нэг нь газаргүй байна. Тиймээс газрын асуудлыг сайн төлөвлөх хэрэгтэй байна.

Сургууль, цэцэрлэггүй 38 хороо байгаа. Эдгээр хорооны асуудлыг шийдэх боломж бий. 60-70-хан сая төгрөгөөр хоёрхон айлын хашааг худалдаж аваад 50-100 хүүхдийн цэцэрлэг барих боломжтой. Мөн их мөнгө гаргаад заавал том сургууль барих шаардлагагүй. Зөвхөн бага ангийн хүүхдүүд хичээллэх бага сургууль барьж болно. 150-хан сая төгрөг гаргаад дөрвөн айлын газрыг худалдаж аваад 100-150 хүүхдийн бага сургууль барьж болох юм билээ" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна