Чингэлгийн бөөгнөрлийн асуудалд Хятадын тал нааштай хариу өгчээ

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/04

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын ажлын алба, Зам тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Улаанбаатар төмөр зам, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо зургадугаар сарын 2-ны өдөр Тяньжин боомтын чингэлгийн бөөгнөрлийн асуудлаар цаг үеийн мэдээлэл солилцох цахим уулзалт зохион байгуулав.

Энэ үеэр Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны төлөөллүүд үүсээд буй асуудалд Хятадын тал нааштай хариу өгснийг мэдээлжээ. Улмаар Хятад дахь холбогдох байгууллагууд Тяньжин боомт дээрх чингэлгийн бөөгнөрлийн асуудлыг шийдвэрлэхээр судалж эхэлснийг мэдэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Тяньжин боомт дээр байгаа Монгол Улсын импортын чингэлгийн мэдээллийг Хятадын талд яаралтай хүргүүлэх шаардлагатай байгаа тул холбогдох байгууллагууд тээвэр зуучийн байгууллагууддаа хандан, мэдээгээ яаралтай ирүүлэхийг хүсчээ.

Гаалийн байгууллагын хувьд хилийн гаднах асуудал гэдэг утгаар Тяньжин дахь чингэлгийн бөөгнөрлийн асуудал хамааралгүй, Монголд орж ирсэн тохиолдолд зохицуулалт хийдэг хэмээн тайлбарлав.

Гадаад харилцааны яамны эх сурвалж үүсээд буй асуудалтай холбогдуулан албан ёсоор тайлбар өгөх эрх бүхий албан тушаалтан салбарын сайдын айлчлалын бүрэлдэхүүнд багтсаныг мэдэгдэв. Мөн энэ сарын 2-ны өдөр болсон БНХАУ-д суугаа Элчин сайдын ажлын алба, Зам тээврийн хөгжлийн яам, Гадаад хэргийн яам, Улаанбаатар төмөр зам, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны уулзалт дээр асуудлуудыг тодорхой түвшинд ярилцаж, тодорхой мэдээлэл авч, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгөгдсөн талаар мэдээлэв.

Улсын онцгой комисс (УОК)-оос хил дээр бараа бүтээгдэхүүн бөөгнөрч, аж ахуйн нэгжүүд хохирч байгаа асуудал хэзээ цэгцэрч, хэвийн горимд шилжих талаар тодруулав. УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Шадар сайд С.Амарсайхан Гадаад харилцааны яамны төлөөлөлтэй хамтран хилийн боомтод ажилласан. Боомтын үйл ажиллагаа хоёр талын үйл ажиллагаанаас хамаардаг тул яриа хэлэлцээрийн ажил үргэлжилж байна. Богино хугацаанд ачаа тээврийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээ авч, эргээд асуудлыг авч хэлэлцэхээр ажиллаж байна" хэмээн хариулав.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна