Мексикийн далбаа нөмөрсөн төгсөх ангийн сурагчийн дипломыг гардуулахаас татгалзжээ

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/05

Хойд Каролинагийн ахлах ангийн сурагчийг төгсөлтийн өмсгөл дээрээ Мексикийн далбааг нөмөрлөө хэмээн диплом гардуулахаас татгалзаж буй бичлэг TikTok цахим хуудаст тавигдсанаар олон нийтийн анхаарлыг татжээ. Бичлэгт тайзан дээр Мексикийн далбааг мөрөн дээгүүрээ нөмөрсөн Эвер Лопез хүүд нэгэн багш диплом гардуулахаас татгалзаж байгаа дүр зураг гарна.

Мөн бичлэгт Лопез нөмөрч байсан далбаагаа тайлах гэж хичээж буй дүр зураг гарах аж. Энэхүү ёслолын үйл ажиллагааг мөн Сити сургуулийн фэйсбүүк хаягаар шууд дамжуулсан байна. Дүүргийн удирдлагууд түүнийг хувцаслалтын дүрмийг зөрчсөнийхөө төлөө уучлалт гуйхыг хүсч байгаа аж.

Түүний үеэл Хуртадо "Харамсалтай нь тэр дипломоо авч чадаагүй. Багш болон сургуулийн удирдлага түүнийг уучлалт гуйхыг хүсэж байна. Мэдээжийн хэрэг тэр тэгэхгүй" гэжээ. Сурагчийн гэр бүлийнхэн сургуулийн захиргаатай уулзахад “Лопез хувцаслалтын дүрмийг зөрчсөн учир дипломоо авахын тулд уучлалт гуйх шаардлагатай” гэжээ.

Ёслолын ажиллагаанд оролцож, бичлэгийг үзсэн хүмүүс сургуулийн удирдлагыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байна гэж буруутгаж байгаа ч сургуулийн зүгээс өгч буй мэдэгдэлдээ "Энэ үйл явдлыг олон нийтийн сүлжээгээр "ташаа мэдээлэл" болгож байна, тэр зөвхөн хувцаслалтын дүрмийг зөрчсөн тул зөвшөөрөөгүй юм" гэжээ. Нэг үгээр Мексикийн далбаа эсэх нь үүнд хамаагүй юм гэсэн тайлбарыг өгчээ.

Сурагчид баасан гарагт ахлах сургууль дээр эсэргүүцлийн жагсаал хийсэн ба Лопезд дипломыг нь өгөхийг шаардсан Change.org-ийн өргөдөлд 63 мянга гаруй гарын үсэг цуглуулаад байна.

Эх сурвалж: Today



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна