Өмнөд Африкт 10 ихэр хүүхэд төржээ

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/09

Өмнөд Африкийн Гаутенг мужийн иргэн 10 ихэр хүүхэд төрүүлж, нэг дор хамгийн олон хүүхэд төрүүлсэн ээж болжээ . 37 настай Госиаме Тамара Ситхоле нь Претори хотын эмнэлэгт кесарево хагалгаагаар хүүхдүүдээ төрүүлсэн байна. Уг нь эмч нар хэт авиан үзлэгээр түүнийг найман хүүхэдтэй болно гэж оношилж байв. 

Pretoria News хэвлэлд түүний нөхөр Тебохо Цотецигийн хэлснээр эхнэр нь жирэмсний 29 дэх долоо хоногтоо амаржсан бөгөөд тэрээр "Долоон хүү, гурван охинтой боллоо. Эхнэр маань долоон сартай жирэмсэн байсан. Би маш жаргалтай байна. Сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй нь" гэж ярьжээ.

Ситхоле худалдааны сүлжээнд менежерээр ажилладаг бөгөөд тэд зургаан настай ихэр хүүхэдтэй юм байна. Энэ оны эхээр эмч нар түүнийг зургаан хүүхэдтэй болно гэхэд тэрээр итгэж ядан байжээ. Удалгүй түүнийг найман хүүхэдтэй болох нь гэж хэлж байв.

"Би итгэж чадахгүй байсан. Эргэлзэж байлаа. Хоёр эсвэл гурван хүүхэдтэй л болно гэж бодож байсан. Би зургаа хараад итгэж ядан байлаа. Гэтэл цаг явах тусам үнэн юм байна гэж бодох болсон. Шөнө ч унтаж чаддаггүй байлаа" хэмээн Ситхоле сэтгүүлчдэд ярьсан байна.

"Энэ үнэхээр ховор тохиолдол. Маш өндөр эрсдэлтэй үйл явц. Хүүхдүүд эхийн хэвлийд багтах зай байхгүйгээс болж ураг эндэх эрсдэлтэй. Тиймээс нярай хүүхдүүдийг дутуу төрүүлдэг бөгөөд тэр хэрээр амьдрах боломж нь багасдаг. Гэхдээ бүх зүйл эх ургийг хэрхэн тээснээс шалтгаална" гэж Эрүүл мэндийн шинжлэх ухааны Сефако МакГатогийн их сургуулийн Анагаахын факультетийн дэд дарга, профессор Дини Мавела хэлжээ.

Үргүйдлийг эмчлэх үеэр ингэж жирэмслэх магадлалтай байдаг аж. "Үргүйдлийг эмчлэх үеэр аль болох олон өндгөн эс гаргаж, жирэмслэх магадлалыг нэмэгдүүлдэг. Учир нь зарим нь амьдрахгүй гэж үздэг. Гэвч бүгд амьдрах ч магадлалтай. Тиймээс байгалийн жамаараа ийм зүйл тохиолдсон уу, эсвэл үргүйдлийн эмчилгээний үр дүн юм уу гэдгийг мэдэхгүй байна" гэж Мавела хэлсэн байна.

Харин Ситхоле байгалийн жамаараа жирэмсэлсэн ба үргүйдлийн эмчилгээ хийлгээгүй гэжээ. 

Өнгөрсөн сард Марокко улсад Малигийн иргэн Халима Сиссе есөн ихэр хүүхэд төрүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл энэ рекордыг Ситхоле эвджээ. Түүнээс өмнөд Америкийн иргэн Надя Сулеман 2009 онд найман ихэр хүүхэд төрүүлсэн байна. Гэхдээ тэрээр хиймэл аргаар ихэрлүүлж байжээ.

Эх сурвалж: ВВС



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна