“Covid-19-ийн шинжилгээг энэ сарын 15-наас төлбөртэй авна”

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/10

Дотоодод бүртгэгдэх халдварын тоо өдрөөс өдөрт тасралтгүй нэмэгдсээр байна. Сүүлийн үед батлагдсан тохиолдлын ойрын хавьтлуудаас халдвар илрэх нь нэмэгдэж буйг албаныхан мэдээлсэн. Халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр иргэдийн зүгээс Covid-19-ийн шинжилгээ, эмчилгээтэй холбоотой санал гомдлыг ихээр илэрхийлэх болсон. Тэгвэл өрхийн эмнэлэг, дүүргийн тандалтын баг болон шинжилгээний цэгүүдтэй холбоотой асуудлыг НЭМГ-ын орлогч дарга Н.Зэндмаагаас тодрууллаа.

Нийслэлийн хэмжээнд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 1000 давах боллоо. Нэгэнтээ халдварыг хумьж чадахгүй, хэн ч хаанаас халдвар авах эрсдэлтэй болсон тул гэрийн эмчилгээгээ нийтэд зарлах боломж бий юу?

-Дүүрэг бүрийн тандалтын баг батлагдсан тохиолдлуудын биеийн байдлыг дүгнэсний үндсэн дээр гэрээр аль эсвэл эмнэлэгт эмчлэх үү гэдгийг шийддэг. Халдварын эсрэг эмчилгээг олон нийтэд нарийн зарлаж болохгүй байх. Учир нь тухайн хүнд уг эмчилгээ таарах, таарахгүйгээс эхлүүлээд биеийн байдлын хүнд, хөнгөнөөс шалтгаалан эмч өөрийн биеэр үзэж байж тохирох эмчилгээг нь хэлж өгөх боломжтой. Дархлаа дэмжих эм, витаминыг зөвлөж болно. Харин вирусийн эсрэг эмчилгээг шаардлагатай тохиолдолд антибиотик эмчилгээтэй хавсарч хийж байгаа учраас олон нийтэд нарийн зарлах боломжгүй.

-Өрхийн эмнэлэг, дүүргийн тандалтын баг нь тоохгүй, утсаа авдаггүй гэх гомдол мэдээллийг олон нийтийн зүгээс тавих боллоо. Үүнд ачааллаас гадна нөлөөлж буй өөр шалтгаан нөхцөл байна уу?

-Дүүрэг бүрт ачаалал их байгаа. Зарим дүүргийн тандалтын баг ачааллаасаа шалтгаалан өдөртөө багтаж батлагдсан тохиолдлуудад хүрч чадахгүй тохиолдол ч байна. Иргэдийн зүгээс шинжилгээний хариу эерэг гарсан байхад ирж үзэхгүй байна гэх гомдол мэдээлэл ирүүлж байгаа. Үүнийг судалж үзэхэд, зарим иргэд маань хувийн лабораториудад шинжилгээ өгөх болсон.

Хувийн эмнэлгүүд эерэг гарсан шинжилгээний хариуг пос машинаар уншуулж нэгдсэн системд оруулаагүйгээс иргэний мэдээлэл орж ирэхгүй, удаашрах тохиолдол гарч байгаа юм. Иймээс шинжилгээ авч буй хувийн эмнэлгийн лабораториудад тодорхой шаардлага, мэдээллийг хүргүүлж байгаа. Түүнчлэн эмнэлгийн байгууллагын хүн хүчний хүрэлцээ дутах асуудал ч бий.

-Гэрээр эмчлүүлж байгаа хүмүүст эмийн багц хүрэлцэхгүй байгаа талаар мэдээлэл гарсан. Эмийн багцыг хүртээмжтэй олгох тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?  

Халдварын эхний үед эмийн багцыг гэрээр эмчлүүлж буй иргэдэд өгдөг байсан. Харин одоогоор эмийн багцыг бус шаардлагатай эмүүдийг өгч байна.  Зарим өрхийн эмнэлгүүд маань өөрсдийн санаачилгаар эмийн багц бэлдэж өгч буй тохиолдол байгаа. Мөн Эрүүл мэндийн яамны зүгээс вирусийн эсрэг эмээр хангаж байгаа. Тавдугаар сарын 20-ноос зургадугаар сар хүртэлх хугацаанд 100 мянган таблетк вирусийн эсрэг эмийг дүүргүүд болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тараасан. Түүнчлэн Монгол эмийн багцыг цуг тарааж байгаа. ЭМЯ-ны зүгээс вирусийн эсрэг эмийг боломжоороо хангаж ажиллаж байна.

-Нийслэлд зургаан цэгт Covid-19 илрүүлэх шинжилгээг авч байгаа. Гэхдээ иргэдийн зүгээс шинжилгээний цэгүүдийг нэмэгдүүлэх шаардлагатайг байгааг хэлж байна. Цаашид шинжилгээг төлбөртэй болгоод ч болтугай нэмэх боломжтой юу?

Эрүүл мэндийн яамнаас энэ талаар судлахыг бидэнд чиглэл болгосон. Зургадугаар сарын 15-наас эхлэн сайн дурын шинжилгээнүүд төлбөртэй болно. Харин тандалтын болон хавьтлын шинжилгээг үнэ төлбөргүй авна. Шинжилгээний цэгүүдийг нэмэгдүүлэх талаар тодорхой хэлж мэдэхгүй байна. Магадгүй шинжилгээг төлбөртэй болгоход дүүрэг бүр зохион байгуулалтаа хийж, цэгүүдээ нэмэгдүүлэхийг үгүйсгэхгүй.

-Эмнэлгээс эмчлүүлж гарсан ч дахин зовуур, шаналгаа ажиглагдвал хэнд хандах ёстой вэ?

Эмнэлгээс гарсан хүмүүсийг өрхийн эрүүл мэндийн төвүүд хянах ёстой. Хэрвээ эмнэлгээс гарсны дараа ямар нэгэн зовуур, шаналгаа байгаа бол өрх, дүүргийн эрүүл мэндийн төвдөө хандаж болно.

-Эмнэлгээс гарсан иргэдэд шаардлагатай тохиолдолд түргэн тусламжийн баг очиж үйлчлэхгүй байна гэх мэдээлэл байна. Энэ тал дээр мэдээлэл өгөхгүй юу?

-Эмнэлгээс эмчлүүлж гарах хугацаанд халдвар тараах үе идэвхтэй үе өнгөрсөн байна шүү дээ. Тэгэхээр түргэн тусламж очиж үйлчлэх ёстой. Манайд одоогоор энэ талаар ирсэн гомдол, мэдээлэл ирээгүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна