"У.Хүрэлсүх бол Хятадын ард түмэнд танил болсон Монголын улс төрч"

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/11

БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 10-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Хятадын талаас баяр хүргэж байна гэлээ.

Хэвлэлийн хурлын үеэр Синьхуа агентлагийн сэтгүүлч "Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгууллаа. Гадаад харилцааны яамны зүгээс ямар байр суурьтай байна вэ" гэж асуусан юм.

Үүний хариуд БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь "Ноён У.Хүрэлсүх бол Хятадын ард түмэнд танил болсон Монголын улс төрч. Тэрбээр хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахын тулд Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг эртнээс тууштай дэмжиж ирсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь Хятадын талаас баяр хүргэж байна.

Хятад, Монгол бол найрсаг хөршүүд. Сүүлийн жилүүдэд хоёр талын харилцаа хөгжлийн эрч хүчээ хадгалсаар ирсэн. COVID-19 дэгдсэнээс хойш хоёр тал цар тахалтай тэмцэхэд харилцан хүчин чармайлт гаргаж, эерэг үр дүнд хүрсэн. Бид Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ шатанд гарган илүү хөгжүүлэх чиглэлээр Монгол Улстай үргэлжлүүлэн ажиллахад бэлэн байна" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна