У.Хүрэлсүхийг дагаж албан тушаалд очих эрхмүүд

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/14

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх сонгогдсоныг сонгуулийн төв байгууллага болон хууль тогтоох дээд байгууллага хүлээн зөвшөөрөв. УИХ шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийг зургадугаар сарын 25-нд тангараг өргүүлэхээр тогтсон. Монгол Улсын Үндсэн хуульд “Ерөнхийлөгчийн бүрэн эрх тангараг өргөснөөр эхэлж, шинэ сонгогдсон Ерөнхийлөгч тангараг өргөснөөр дуусгавар болно” хэмээн заасан байдаг.

Тэгвэл шинэ Ерөнхийлөгч тангараг өргөхөөс өмнө түүнтэй зургаан жил хамтран ажиллах багийн бүрэлдэхүүн хэдийнэ тодорхой болсон бололтой. У.Хүрэлсүхийг дагаж албан тушаалд очих хамгийн өндөр магадлалтай эрхмүүдийг танилцуулж байна.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАР

З.Энхболд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байх хугацаандаа энэ албан тушаалын утга учрыг хамгийн тодоор харуулсан гэхэд хилсдэхгүй болов уу. Нэг үгээр хэлэхэд Тамгын газрын дарга бол Ерөнхийлөгчийг олон нийтэд бүрэн төлөөлөх хүн. Тэгвэл уг албан тушаалд УИХ, Засгийн газрын гишүүн асан Я.Содбаатар очих нь нэгэнт тодорхой болжээ. Тэрбээр У.Хүрэлсүхийн танхимд Шадар сайдын алба хашиж байгаад “хариуцлага алдсан” шалтгаанаар ажлаа өгсөн. Түүнээс өмнө парламентын гишүүн байх хугацаандаа ЖДҮ-тэй нэр холбогдсон “бараан түүх”-тэй учир 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшилгүй намын гал тогоонд ажилласан юм. Түүнтэй энэ албан тушаалыг булаалдах хүн нам дотроос гараагүйг бодоход Ерөнхийлөгчийн сонгуульд багагүй үүрэг гүйцэтгэсэнтэй нь холбоотой биз ээ.  

ҮАБЗ-ИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ж.ЭНХБАЯР

У.Хүрэлсүхийн ялалт нэгэнт тодорхой болох үед Ж.Энхбаяр Тамгын газрын дарга, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга гэдэг хоёр албан тушаалаас сонголт хийх хэрэгтэй болсон гэдэг. Тамгын газрын даргын ажил цэвэр хууль журам, бичиг цаастай холбоотой. Харин ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаал нь цэрэг арми, хууль хүчний байгууллагатай тодорхой хэмжээгээр холбогддог болохоор түүнд ойр байсан нь мэдээж. Тиймээс Ж.Энхбаяр ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалыг сонгожээ. Тэрбээр мөн л Их хурлын сонгуульд өрсөлдөлгүй зайгаа тавьж өгч, гурав дараалсан сонгуульд намаа ялуулахын төлөө гар бие оролцсон гавьяатан.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдах үеэр түүнийг Шадар сайдын албан тушаалд очих нь гэдэг яриа амнаас ам дамжиж байсан ч тэрбээр цар тахлын үед ачааны хүндийг үүрэх албан тушаалд очиж, өөртөө “гай” дуудахыг хүсээгүй биз.

“ЗАСАХ ЦАГ”-ИЙН Ө.ЗОЛБАЯР ХЭВЛЭЛИЙН АЛБАНЫ ДАРГА 

Ажлын шаардлагаар байнгын харилцаатай байх тул сэтгүүлчдийн хамгийн их анхаарал хандуулж буй албан тушаалын томилгоо Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны даргынх. Тэгвэл уг албан тушаалд Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзоригийн нэр дуулдаж байсан ч Засгийн газрын “Засах цаг” нэвтрүүлгийг хөтөлдөг байсан Ө.Золбаяр очихоор болж байгаа аж. Ө.Золбаяр нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч гэдэг албан тушаал хашиж байсан. Харин У.Хүрэлсүхийг огцорсноос хойш УИХ-ын гишүүний ажлын албанд харьяалагдаж байсан юм.

У.ХҮРЭЛСҮХ НАМЫН ДАРГАА ХЭЗЭЭ ӨГӨХ ВЭ?

Монгол Улсын Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувиар улс төрийн намын харьяаллаасаа салах ёстой. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн тангараг өргөхөөсөө өмнө улс төрийн албан тушаалаасаа татгалзах нь тодорхой. Ингэхдээ Бага хурлыг хуралдуулалгүйгээр намын даргын эрхээ Удирдах зөвлөлд шилжүүлэх бололтой. Харин намын дараагийн даргыг сонгох Бага хурлыг тангараг өргөсний дараа хийхээр төлөвлөж байгаа аж.

МАН-ын дүрэмд парламентад олонх болсон тохиолдолд намын дарга Ерөнхий сайд байна хэмээн заасан байдаг. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч, Л.Оюун-Эрдэнэд халаагаа өгсөн ч намын даргын албан тушаалаа өөртөө байлгасаар Ерөнхийлөгчийн сонгуультай золгосон. Энэ нь одоогийн Засгийн газар богино настай байх нь, дараагийн Ерөнхий сайд, намын дарга хэн бэ гэхчлэн олон таамаг, хардлага төрүүлээд байсан. Тэгвэл МАН-ынхан энэ асуудалд хэдийнэ тохироогоо хийсэн гэдэг мэдээлэл байна. Тодруулбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дүрмийн дагуу намын дарга болох ч гүйцэтгэх засаглалын тэргүүний ажилдаа л анхаарлаа хандуулна. Харин намын ажлыг МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан ерөнхийд нь хариуцаж байхаар болжээ. Товчхондоо Л.Оюун-Эрдэнэ засгаа, Д.Амарбаясгалан намаа авахаар тохиролцсон гэж хэлж болно

Д.Амарбаясгалангийн тухайд Их хурал, орон нутаг, Ерөнхийлөгчийн дараалсан гурван сонгуульд намаа ялуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн хүн гэгддэг. Гэвч тэр үүнийхээ хариуд төрийн ямар нэгэн албан тушаалд очилгүй чимээ анир багатайхан намдаа үлдэхийг илүүд үзсэн бололтой.  

Н.ЭНХБАЯРЫН ХҮСЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ Ч ЗАСГАА УНАГААХГҮЙ

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Н.Энхбаяр МАН-д дагаар орж, МАХН-аа тараасан. Сэтгэл зүрхний дуудлагаар бус ашиг сонирхлын үүднээс хийсэн уг алхмыг Засгийн газрыг огцруулах нэг шалтгаан хэмээн үзэж байв. Учир нь Н.Энхбаяр У.Хүрэлсүхтэй "сайндахдаа" 4-5 сайдын суудлаар тохиролцсон гэдэг хардлага яригдаж байсан. 

Тэгвэл Н.Энхбаяр амины хэдхэн хүнээ албан тушаалд хүргэх болзол тавьсан гэдэг мэдээлэл байна. Тодруулбал, хүү Э.Батшугарыгаа 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшүүлэх, олон жил өөрт нь үнэнчээр зүтгэсэн Б.Тулгыг сайд, С.Эрдэнэжамъянг дэд сайд болгохоор ярилцжээ

Харин энэхүү тохиролцоог биелүүлэхийн тулд Засгийн газраа унагааж тоглохгүй нь. Зөвхөн сайд нарыг сэлгээ хийх замаар өөрчлөх нь нэгэнт тодорхой болсон байна. Энэхүү төлөвлөгөөний дагуу Л.Оюун-Эрдэнийн танхимаас хасагдах нэр бүхий сайд нар ч тодорч эхэлсэн гэдгийг эх сурвалж хэллээ. 

Ийнхүү Ардын хувьсгалын болон Монгол ардын намын 100 жилийн ойг тус намынхан түүхэн амжилттай угтаж байна. Харин одоо тэднийг Үндсэн хуулиар олгогдсон Ерөнхийлөгчийн эрх үүргийн хүрээнд ажиллаж, гүйцэтгэх засаглал цар тахлын аюулыг хохирол багатай туулж чадах уу гэдгийг харах л үлдлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна