Ч.Номин: Наадам тэмдэглэх эцсийн шийдвэр албан ёсоор гараагүй байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/06/14

Энэ жилийн улсын баяр наамамд 10 тэрбум төгрөг төсөвлөснийг шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна. Тэгвэл Соёлын сайд Ч.Номин уг асуудалд өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудасдаа “Шинэ 7 хоногийн мэнд хүргэе! Удахгүй улсын баяр наадам болох гэж байгаатай холбоотой цар тахлын нөхцөл байдлыг зайлшгүй тооцож үзэх нь зүйн асуудал билээ. Хүн бүр санаа зовинон, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа ч бид аливаад ул суурьтай хандах нь чухал. Тиймээс дараах хэдэн зүйлийн тайлбарыг хүргэж байна.

Нэгдүгээрт, Монголчууд бид эртнээс уламжилж ирсэн өв соёл, төрт ёс, зан заншлын хэлхээ баяр наадамдаа өндөр ач холбогдол өгдөг хэдий ч энэ хүнд цаг үед эрэмбэлэн үзвээс нийгмийн эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний ажил яах аргагүй мөн.

Хоёрдугаарт, баяр наадмыг зохион байгуулах нь шадар сайдын эрхлэх ажилд хамаардаг бөгөөд 9-н салбар хорооны хамтарсан баг ажилладаг. Энэ нь дан ганц Соёлын яам хийдэг ажил биш юм.

Гуравдугаарт, баяр наадмын төсөв Соёлын яаманд бус нийслэл Улаанбаатар хотод хуваарилагдсан байдаг бөгөөд яамны зүгээс болон бусад байгууллага үйл ажиллагаагаа хамтран хийж хэрэгжүүлдэг билээ.

Харин хувь хүнийхээ тухайд хүн олноор цугласан арга хэмжээг хийхгүй байх нь зөв гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх тухай эцсийн шийдвэр төр засгаас албан ёсоор гараагүй байгаа тул Та бүхэн дархлаагаа унагалгүй, хүлээцтэй байж, олон нийтийн сүлжээнд удаа дараа гарч буй ташаа мэдээлэлд авталгүй албан эх сурвалжаас баттай мэдээлэл авч байхыг хүсье” гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна