О.Батдэлгэр: Ажлын байрны шахалт, дарамтын улмаас өргөдлөө өгсөн

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/06/15

Зэвсэгт хүчиний 032 дугаар ангид алба хааж байсан байлдагчийг зодож, дарамталж дансаараа мөнгө авдаг тухай мэдээлэл цацагдсан. Тиймээс байлдагчийн эгч холбогдох хууль ёсны байгууллагад гомдол гаргасан юм. Ингэхдээ Зэвсэгт хүчний жанжин штабад хандан О.Батдэлгэр ахлагчид зодуулсны улмаас шүд нь цуурч, гүйлсэн булчирхай цочсон, дарамталж өөрийн дансаар мөнгө авдаг байсан гэж гомдол гаргасан байна.

Тэгвэл өнөөдөр болсон үйл явдлын талаар иргэн О.Батдэлгэр мэдээлэл хийлээ. Тэрээр "2021 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Б.Дэлгэрхишиг гэж хүнээс бэлтгэл байлдагч Г.Бямбадорж цэргийн ангид алба хааж байх хугацаандаа надад зодуулж гүйлсэн булчирхай цочиж, шүд нь цуурсан гэдэг өргөдөл гомдол надад ирсэн. Энэ гомдлын дагуу ЗХЖШ-аас ажлын комиссын дарга, хурандаа Ариунболд, дэд хурандаа Батжаргал нар ирж шалгасан.

Гуравдугаар сарын 22-нд шалгасан хэрнээ одоо хүртэл шийдвэр өгөөгүй. Гэтэл Дугаррагчаа хурандаа "чи мөнгө авсан нь батлагдсан. Ажлаас гарах өргөдлөө өг. Нэг хоногийн дотор өргөдлөө цохуулаад урагшаа явуул" гэсэн аман тушаал өгсөн. Шалгалтын явцад миний буруутай нь тогтоогдоогүй байхад эрүүгийн гэмт хэрэг хийсэн мэтээр ажлын байранд дарамт шахалт үзүүлж, дарга нар намайг бузар булайгаар дууддаг байсан. Энэ бүхнийг туулсаар сарын дараа буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 22-нд өөрийн хүсэлтээр өргөдлөө өгөөд ажлаасаа гарсан.

Ажиллах хугацаандаа сахилгын болон гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргаж байгаагүй. Ингэж ажиллаж байхад гүтгэлгээс болж ажлаасаа гарч, таван хүүхдээ тэжээж чадахгүй ажил хайгаад дээрээс нь 6 сараас нэг жилийн хугацаагаар хорих ял оноох заалттай гэмт хэрэгт цагдаад шалгагдаад явж байна.

Надаас өөр олон сайхан залуу битгий хохироосой, үр хүүхдээ тэжээж яваа талхны мөнгөнөөсөө битгий салаасай гэсэндээ зоригтой алхам хийж, мэдээлэл хийн хэлж байна" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна