Монголын олимпийн баг Япон руу асуудалгүй зорчих уу?

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/06/17

Монгол Улс зургадугаар сарын 1-ний өдөр агаарын хилээ албан ёсоор нээсэн ч дэлхийн 78 улс монголчуудад хаалттай хэвээр байгаа билээ. Үүнтэй холбогдуулан Монголын олимпийн баг, тамирчид Токиог зорьж, олимпод оролцож чадах уу? гэдэг асуулт урган гарч ирэв. Учир нь Монголыг Covid-19-ийн өндөр эрсдэлтэй бүс хэмээн үзэж, манай улсаас жуулчин авахгүй гэдгээ Япон улс мэдэгдлээ.

Энэ талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяраас тодруулахад “Олимпод оролцох баг, тамирчдад зохион байгуулагч орноос ID карт олгох учир асуудалгүй Япон руу нэвтэрнэ. Зөвхөн олимпийн ID карттай хүмүүс л тус улс руу нэвтэрнэ. Харин эхний ээлжийн тамирчид хэзээ Японыг зорихыг шийдээгүй байна. Удахгүй Монголын баг тамирчдын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг хуралдах болно. УОК-ын зөвшөөрөл болон МИАТ-ын долдугаар сарын нислэгийн хуваарь гараагүй байна” гэв.

Токио-2020 зуны XXXII удаагийн олимпийн наадам ирэх долдугаар сарын 23-ны өдөр нээлтээ хийнэ. Одоогоор Монголын олимпийн баг тамирчид спортын 12 төрөлд, 30 эрх аваад байна.

Саяхан олимпийн зохион байгуулагчдын зүгээс наадмын үеэр мөрдөгдөх гарын авлага, зөвлөмжийн гурав дахь хувилбарыг гаргажээ. Тус гарын авлагад бичсэнээр тамирчид өдөр бүр Covid-19-ийн халдварыг илрүүлэх шүлсний шинжилгээ өгөх аж. Харин шүлсний шинжилгээ эерэг гарвал баталгаажуулж PCR шинжилгээ хийх гэнэ. Мөн Covid-19-ийн үед мөрдөх дүрэм журмыг зөрчсөн тамирчдыг Япон улсаас шууд албадан гаргах болсныг анхааруулжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна