Б.Жавхлан: Эхний улиралд манай улсын эдийн засаг 15 хувиар өслөө

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/20

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдлаа. 

Уг хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар танилцуулсан юм. 

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн байдлаар гурван сард эхэлсэн зээлийн хөтөлбөрийн дагуу нийтдээ 3.1 их наяд төгрөгийн зээл олгосон байна.

Тодруулбал, ажлын байрыг дэмжих зорилготой гурван хувийн хүүтэй зээлэнд нэг их наяд долоон зуун нэг аравны таван тэрбум төгрөг зарцуулсан байна. Улмаар 22 мянга зургаан зуун жаран зээлдэгч уг зээлд хамрагдсан байна. 

Харин Төв банкнаас удирдаж буй зээлд 2645 хүн хамрагдсан байна. Уг зээлд 593 тэрбум төгрөг зарцуулжээ. Эдгээр зээлээр 26 мянга 69 ажлын байрыг дэмжсэн байна. 

Мөн ипотекийн зээлд 512 тэрбум төгрөг олгосон. Улмаар 6917 өрх хамрагдсан байна. Түүнчлэн барилга угсралт, барилга үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулсан ААН-үүдийн 86 мянган хүн ажлын байраа хадгалж байна гэсэн статистиктай байна. 

Эхний улиралд манай улсын эдийн засаг 15 хувиар өслөө. 2019 онтой харьцуулахад гурван хувийн өсөлттэй байна. Оны эцсээр 6.5 хувийн эдийн засгийн өсөлтөд хүрэх боломжтой. Эдийн засгаа сэргээх хөтөлбөрийг анх хэрэгжүүлэхдээ бид 120 мянган ажлын байрыг хадгалах зорилт тавьсан. Оны сүүл гэхэд энэ зорилтдоо хүрч чадна.

ААНОАТ энэ оны эхний улиралд 886 тэрбум төгрөг байна. 2020 онтой харьцуулахад 57 хувиар өсжээ. НӨАТ мөн л өсөж, 2019 оны буюу ковидын өмнөх үеийнхээс ч өссөн дүнтэй гарлаа. НӨАТ төлөгчийн тоо хоёр дахин өссөн нь үүнд нөлөөлсөн.

АМНАТ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 135 хувиар, 2019 оныхтой харьцуулахад 24 хувиар өсжээ. Энэ татвар Ирээдүйн өв сан болон Тогтворжуулалтын сан рүү шилждэг гэдгийг онцлох хэрэгтэй.

Гэвч бидэнд эрсдэл байсаар байна. Замын-Үүдэд гарсан гацааны улмаас нүүрс тээвэр ихээхэн доголдсон. Энэ нь төсвийн орлогод сөргөөр нөлөөлнө. Гашуун Сухайт дахь жолооч нарыг  урд хилээр цаашид гаргахгүй. Шинэ терминал барих ажил эхэлсэн. Наадмын амралтаар ч зогсоолгүй үргэлжлүүлж байна.

Бусад орнуудын Засгийн газрууд хөрөнгийн зах зээлээ дэмжсээр байна. Мөнгөний нийлүүлэлт олон оронд нэмэгдэв. Эдийн засгийн өсөлттэй хамт инфляц АНУ, Европт ажиглагдаж эхэллээ. Иймд инфляцын эсрэг мөнгөний бодлого хэрэгжүүлэхээ Төв банкууд мэдээлж эхэллээ. Манай улсад инфляц долоо хувь байна. Төв банк энэ онд инфляцыг найман хувиас хэтрүүлэхгүй байхаар ажиллаж байна.

Төлбөрийн тэнцлийн тухайд эхний улиралд 245 сая ам.долларын эерэг баланстай байна. сүүлийн арван сарын турш төгрөгийн ханш ам.долларын эсрэг маш тогтвортой байна. Тэгэхээр ханшаар дамжуулан манай инфляцад үзүүлэх сөрөг нөлөө байхгүй. Харин хил дээр ачаа тээврийн механик гацаа үнэд нөлөөлсөн. Манай хоёр хөршид авто замын ачаа тээвэр ихээхэн ачаалалтай байна. Манай улсын нийт ачаа тээврийн 80 хувь нь Замын-Үүдэд ногддог.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна