Б.ЭНХБАЯР: ГЭМ БУРУУТАЙ БОЛ ЯЛЛА. НОТОЛЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЦАГААТГА

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/07/21

Монголын хууль, хяналтын байгууллагын практикт тогтсон нэгэн гажуудал бол хэргийг гурван шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаах явдал юм. Үүнийг дагаад авлига, албан тушаалын эрх мэдлээ ашиглах гэмт хэргийн тоо ч сүүлийн жилүүдэд эрс өсчээ. Тодруулбал, иргэд анхан шатны шүүхээс ял сонссон бол зайлшгүй давж заалддаг. Давж заалдах шатны шүүх ялыг хэвээр үлдээвэл Улсын Дээд шүүхэд ханддаг. Ийм жишиг тогтоод удаж байна.

Учир нь, анхан шатны шүүхийн шийдвэрийг дараагийн шат шатны шүүх үгүйсгэдэг, ялыг хөнгөрүүлдэг, мөрдөн байцаалтад буцаах нь элбэг. Үүнийг л иргэд хүсч, эс бөгөөс шат шатны шүүх хооронд явсаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах, хугацаа хожиж энэ хооронд ял зэмгүй өнгөрчих гэсэн далд санаа агуулдаг нь нууц биш.

Мөн энэ хугацаанд өмгөөлөгч нь сүйхээтэй бол хэргийг хэрэгсэхгүй болгох, ялыг багасгах, батлан даалтад гаргах, шүүгчийг хахуульдан хэргийг яаж ч эргүүлж болохоор нөхцөл байдал үүсдэг нь нууц биш юм.

Нөгөөтэйгүүр, тухайн хүний гэм бурууг шүүх эцэслэн шийднэ хэмээдэг. Гэтэл шүүхийн хаалга сахих нь тухайн хүний алдар нэр, ажил төрөлд ч халгаатай. Мөн анхан шатны шүүгчид буруу шүүсэн болоод л дараагийн шатных нь шүүх хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа гэх ойлголт түгээмэл.

Үүнээс болж шүүх байгууллага, шүүгчдийн нэр хүнд цаашлаад хуулийг хэрхэн хэрэглэх нь ч тодорхойгүй байдалтай явж ирсэн зэргээс үүдэн ойлгомжгүй олон асуудал үүсдэг. Тиймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шат шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаадаг явдлыг халах хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Уг хуулийн төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэнэ. Б.Энхбаяр гишүүний хэлсэнчлэн "Гэм буруутай бол ялла. Нотолж чадаагүй бол цагаатга. Ийм л зарчим үйлчлэх ёстой. Хэргийг буцаадгаас болоод тэр хүн нь ч, шүүх, хууль нь ч нэр хүндгүй болж, жонхуурч дууслаа” хэмээж байх вэ.

Эх сурвалж: 24tsag.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна