Цагдааг тонгорч унагасан залууг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар шалгаж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/21

 Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарантуул олон улсын худалдааны төвийн дөрвөн замын уулзвар орчимд 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 17:00 цагийн орчим “Тоёота премио” маркийн тээврийн хэрэгслийн жолооч “М” нь  замын хөдөлгөөнд оролцох үедээ Зөрчлийн тухай хуулийн 14.7.23-т заасан (Жолооч гэрлэн, эсхүл зохицуулагчийн дохиог зөрчин замын хөдөлгөөнд оролцсон бол хүнийг хорин нэгжтэй хэмжээний тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно) зөрчил  гаргасан.

Тухайн жолоочийн зөрчилд торгуулийн арга хэмжээ авсан тээврийн цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн тул тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Ц салгаж замаас холдуулах явцад Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, эсэргүүцэж түүний биед халдсан байна.

Уг үйлдэлд холбогдогч 36 настай эрэгтэй М-ийг саатуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэв.

Ташрамд дуулгахад, Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд “Хууль сахиулагчийг эсэргүүцэх /1. Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна