"Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-үүд зориулалтын үйлдвэргүйгээс болж стандартад нийцэхгүй шатахуун борлуулагдаж байна"

Х.Буян-Эрдэнэ | Yazguur.mn
2021/07/22

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шатахуун импортлогч, борлуулагч компаниудад хийсэн хяналт шалгалтын тухай болон авсан арга хэмжээг танилцуулах үеэр Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас холбогдох мэдээллийг өгөв. 

Энэ үеэр МХЕГ-ын Эрчим хүч, хэмжилзүйн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагч А.Бямбадорж "Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх зөвшөөрлийг найман ААН, байгууллага авсан. Гэтэл тусгай зөвшөөрөл авсан тус газруудад газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтын үйлдвэр байдаггүй. 

Өөрөөр хэлбэл, үйлдвэргүй орчинд тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж яваа нь өөрөө асуудал юм. 

Үйлдвэргүй мөртлөө үйлдвэрийн зөвшөөрөлтэй газрууд шатахуун, дизель түлшийг ямар технологиор үйлдвэрлэх ёстой вэ гэхээр тэр технологи нь байхгүй. Энэ технологи холбогдох байгууллагуудаас батлагдах ёстой. Батлагдсан технологийн дагуу үйлдвэрлэж байж эцсийн бүтээгдэхүүн чанартай гарч, иргэдэд хүрнэ.

Гэтэл энэ бүх үйл явц байхгүй болохоор стандартын шаардлагад нийцэхгүй шатахуун борлуулагдсан гэх асуудал үүсгэж байгаа. 

Бодлогын зохицуулалт бүрэн хэрэгжээгүй асуудлын араас ганц мэргэжлийн хяналтын байгууллага хөөцөлдлөө гээд зөрчлийг бүрэн арилгах боломжгүй.

Мөн аливаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээс гараад хэрэглэгчид очих хугацаанд чанараа хадгалах ёстой.

Хэрэглэгчийн зүгээс тоон хэмжээ,  чанартай холбоотой асуудал гарвал компани тухайн үед нь дээж авч шалган мэдээлж ажиллах үүрэгтэй" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна