Ч.Өнөрбаяр: Авлигатай тэмцдэг төрийн байгууллага Монголд цөөдөөгүй

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/07/22

АН-ын “4-11” уулзалт боллоо. Уулзалтанд АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр, АН-ын дэд дарга Ц.Оюундарь, АН-ын Нарийн Бичгийн Дарга О.Баасанхүү нар оролцлоо.

Энэ үеэр АН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Ч.Өнөрбаяр: “Өнгөрсөн 7 хоногт Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор АН-ын зүгээс мөн улстөрийн байр сууриа илэрхийлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд байх зангараг Л.Оюун-Эрдэнэд жаахан дутаад байна. Яагаад вэ гэхээр Ерөнхий сайдаа хилийн боомт дээр очиж, нэг хаалганы хэрүүл хийх хүртэл нь жижиглэж байгаа бол төр өөрөө ямар их завхарсан, ямар их хариуцлагагүй болсон гэдгийг тод харуулж байгаа юм. Ерөнхийлөгч нь нисэх буудлын нээлт хийгээд, тууз хайчлах хүртлээ Монгол төрийн зангараг байхгүй болсон байна.

Энэ бол Монгол Улсын төрийн тэргүүний хийх ажил биш ээ, энэ бол Ерөнхий сайдын хийх ажил биш ээ. Тэгэхээр одоо Монгол Улсын Ерөнхий сайд улстөрийн манлайллаа өөрөө гартаа авах ёстой. Монголд асуудал зөндөө байна. Эдгээр асуудлуудыг барьж, шийдэх ёстой. Монгол Улсын Ерөнхий сайд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг яаж татах тухай бодлого гаргаад ажиллах ёстой. Монгол Улсын эдийн засгийг яаж тэлэх, Монгол Улсын нийтээрээ уудаг усны крантыг яаж нэмэх тухай бодлого гаргаж, түүн дээрээ ажиллах ёстой.

Монгол Улсад хууль, дүрэм журам багадаагүй. Гэхдээ тэр хууль, дүрэм журам нь хэрэгжихгүй байна. Үүнийг хэрэгжүүлэх ажлыг хариуцдаг хүн нь Ерөнхий сайд өөрөө байдаг. Үндсэн хуулиараа ийм чиг үүрэгтэй. Одоо та энэ хуулийн хэрэгжилтүүдээ хангаж ажиллах ёстой. Сайд нараа дуудаж авчраад, салбар салбарт нь хуулийн биелэлт ямар байгааг асуух ёстой.

Төрд ажиллаж байгаа хүмүүс хуулийг хаана завхруулаад байна, тэр хүмүүст хариуцлага тооцох ёстой. Ажил хийхгүй байгаа хүмүүсийг солих эрх нь танд байгаа шүү дээ. Өмнө нь тийм эрх Ерөнхий сайдад байгаагүй. УИХ дахь бүлэглэл, фракцаас хамааралтай байдаг байсан. Засгийн газрын гишүүдийн тал нь огцрохоор Ерөнхий сайд дагаад огцорчихдог байсан. Одоо тийм зовлон танд алга.

Өнөөдөр харин ажил хийж байгааг нь авч үлдээд, ажил хийж чадахгүй байгааг нь хөөж явуулах эрх танд байна. Тийм учраас энэ ажлаа хий. Засаг төрөө ажиллуул. Сайд нараа шахаж ажиллуул. Чадахгүйг нь соль. Мөн авлигын индексийг 2 оронтой тоонд оруулах зорилт тавьж байгаагаа зарлалаа. АН засаглаж байхдаа 120-д байсан авлигын индексийг 72 болгож бууруулж байсан.

МАН засаг барьж байгаа сүүлийн 6 жилд авлига, хүнд суртал үнэхээр цэцэглэсэн. Энэ дүнг бид тавьдаггүй. Олон улсын байгууллагууд дүгнэдэг. Эдгээр байгууллагуудын дүнгээр Монгол Улс 111-т буюу хойшоо ухарчихсан явж байгаа. Энэ зовлонг одоо олж харж байж болно. Ямартай ч асуудлаа олж харж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ үүнтэй тэмцэх ёстой. МАН доторхи хогийн ургамал, шарилжаа тасдаж хаяхгүйгээр Ерөнхий Сайд улстөрийн манлайллаа авч явж чадахгүй ээ.

Энэ ажлыг хийнэ гэдгээ та зарласан. Одоо ханцуй шамлаж орох хэрэгтэй. Харин хийх гэж байгаа арга чинь зөв баймаар байна. АТГ гээд бие даасан хуультай, хараат бусаар ажилладаг, УИХ-аас байгуулагддаг байгууллага байж байна. Гэтэл Засгийн Газар зэрэгцээд Авлигатай Тэмцэх Комисс байгуулна гэж ярьж байна. Хэрэв хуулиас гадуур байгууллага байгуулаад ирэх юм бол асуудал үүснэ. Магадгүй дараа нь Ерөнхийлөгч нь зарлиг гаргаад Авлигатай Тэмцэх Хороо байгуулья гээд эхэлж магадгүй. Ингэх юм бол институци хоорондын зөрчил үүснэ.

Компьютерт вирусын эсрэг 2, 3 программ суулгачихаар аль нь ч ажиллаж чаддаггүйтэй адилхан байдалд орно. Ийм байдалд орохгүйн тулд эхнээсээ зөв бай. Нэг бол тэр УИХ-ын дэргэдэх АТГ-аа татан буулга. Эсвэл Засгийн Газар дэргэдээ бие даасан байгууллагатай болох гэж байгаа бол хуулийн хүрээнд үүнийгээ шийд. Зэрэгцээ олон байгууллага Монголд хэрэггүй ээ. Авлигатай тэмцдэг төрийн байгууллага Монголд цөөдөөгүй. Байгаа түвшиндээ асуудлыг шийдээд явах бололцоо байгаа гэж харж байна.” гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна