Хүрээлэлдээ ээлтэй УИХ-ын дэд дарга

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/07

Эрх баригч Монгол ардын намын эрхтэн дархтнууд өнгөрсөн зургаан жилийн хугацаанд төрийн албанд ураг садан, ах дүүс, найз нөхдөө ичиж нэрэлхэлгүй томилж, томилуулсаар ирсэн нь эцэстээ төрийн албаны мерит зарчим гэдэг зүйлийн утгыг алдагдуулав. Ийм зүйл бодитой нүүрлэснийг хамгийн сүүлд УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн албан хаагчдыг тэрний хүн, энэний хүн гэдэг болсон. Тиймээс Япон лугаа адил хуульчилж, хэн нэгний ах дүү, хамаатан садан бус мэдлэг боловсролтой, чадалтай хүмүүс төрд ажилладаг эрх зүйн орчныг цаашид бүрдүүлнэ” гэдэг үгээрээ хүлээн зөвшөөрөв.

УИХ-ын дэд дарга Т.Аюурсайханы хамаарал бүхий хүмүүс төрийн ямар, ямар албанд ажиллаж байгаа талаарх мэдээллийг товч хуваалцъя.

Нийгмийн даатгалын ерөнхий газар | Т.Аюурсайханы авга эгч Гомбожав овогтой Саран

Т.Аюурсайхан 2016 онд Чингэлтэй дүүргийн 65-р тойргийн сонгогчдын итгэлийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Харин үүнээс хойш нэг жилийн дараа буюу 2017 оноос эхлэн түүний хамаарал бүхий хүмүүс төрийн албанд ажиллаж эхэлсэн нь яав ч тохиолдол биш гэлтэй.

Тэдгээрийн нэг нь Т.Аюурсайханы авга эгч Гомбожав овогтой Саран. Тэрбээр 2017 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Нийгмийн даатгалын ерөнхий газарт томилогджээ. Ингэхдээ зүгээр ч нэг мэргэжилтнээр томилогдсонгүй харин Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргаар томилогдож өнөөг хүртэл тус албан тушаалыг хашиж байна.

Эрдэнэс таван толгой ХК | Б.Аюурсайханы  сонгуулийн менежер Б.Ганхуяг

Б.Ганхуяг бол Т.Аюурсайхан 2016 онд УИХ-ын сонгуулийн 65-р тойрогт нэр дэвшиж байхад сонгуулийнх нь ерөнхий менежерээр ажиллаж байсан нэгэн юм.

Эрдэнэс таван толгой ХК-ийн өмнөх гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын сонгуулийн менежер Д.Ариунболд ажиллаж байв. Харин Ж.Эрдэнбатын Засгийн газар огцорч У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаар Д.Ариунболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж Б.Ганхуяг тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогджээ.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы тухайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулж, эрх мэдлийн түлхүүрийг У.Хүрэлсүхэд авч өгөлцсөн нэр бүхий гишүүдийн нэг. Харин үүнийхээ шагналд Эрдэнэс таван толгой ХК-ийн удирдлагад өөрийн хүнээ томилуулах эрхийг олж авсан гэдэг яриа бий. Энэ яриа бодитой байсан учир Т.Аюурсайхан өөрийн сонгуулийн менежерээ тус компанийн гүйцэтгэх захирлаар томилуулсан болов уу.

Гаалийн ерөнхий газар | Т.Аюурсайханы эхнэр Л.Батчимэг

2017 онд Гаалийн ерөнхий газарт Т.Аюурсайханы гэр бүлийн хүн болох Л.Батчимэгтэй адил овог нэртэй Лхагвадорж овогтой Батчимэг гэдэг хүн Гаалийн улсын байцаагчаар томилогджээ.

Зарим эх сурвалжийн зүгээс сая нэр дурдагдсан нэгнийг Т.Аюурсайханы гэр бүлийн хүн гэдэг мэдээллийг өгч байгаа юм. Лхагвадорж овогтой Батчимэг нь 2017 онд Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар томилогдоод 2019 оноос Буянт-Ухаа дахь Гаалийн газарт Гаалийн улсын байцаагчаар шилжин ажиллажээ.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: newstv.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна