Талибан түр Засгийн газрынхаа бүрэлдэхүүнийг танилцууллаа

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/09/09

Талибан хөдөлгөөнийхний Афганистанд Исламын хуульд тулгуурласан төрийг бий болгох үйл явцын нэгэн чухал цаг үе саяхан тохиолоо. Тус хөдөлгөөн одоогоор хэр удаан хугацаанд ажиллах нь тодорхойгүй байгаа түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцууллаа. Энэхүү түр Засгийн газрын гол албан тушаалууд Талибан хөдөлгөөний үнэнч тэмцэгч, нөлөө бүхий удирдагчдад оноогдсон байна. Афганистаны бусад ястнууд болон эмэгтэйчүүд түр Засгийн газарт багтаагүй байгааг олон улсын хэвлэлүүд онцлон мэдээлж байгаа юм. Уг нь тус хөдөлгөөн аль болохоор ялгаварлалгүй Засгийн  газрыг байгуулна гэж мэдэгдэж байсан юм.

Афганистанд 20 орчим жилийн хугацаанд бий болсон Ардчилсан Засгийн газар нуран унасны дараа байгуулагдсан Талибаны Засгийн газрын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр Мулла Хасан Ахунд сонгогдоод байна. Тэрбээр Афганистанд Исламын Шириа шашны хуулинд тулгуурласан Засгийн газрыг байгуулахыг зорьж буй Талибаны хөдөлгөөний дээд удирдагч Мавлави Хайбатуллах Ахундзадагийн ойрын хүн юм. Талибан АНУ-ын хоорондох ярилцаа хэлэлцээнд өөрийн талын төлөөлөгчдийг ахалж байсан Гани Барадар дэд ерөнхий сайдаар ажиллах нь ээ. Ийнхүү Талибан  түр Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулснаас гадна Исламын Эмирт улс байгуулагдаж байгааг давхар зарлалаа. Исламын Эмирт нь хөршүүд болон бусад бүхий л оронтой харилцан хүндлэл дээр тулгуурласан хүчтэй, эрүүл харилцаа бий болгохыг хүсч байгааг Талибаны хэвлэлийн төлөөлөгч мөн онцолсон юм.

АНУ Талибаны шинэ Засгийн газарт санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тус улсын Төрийн департамент энэхүү үйл явдалд дүн шинжилгээ хийж байгаагаа мөн дуулгажээ.  Түр Засгийн газрыг удирдах Хассан Ахунд нь НҮБ-ын жар жагсаалтад орсон хүн. Мөн Дотоодын хэргийн сайдаар сонгогдсон Хаггани нь Америкийн Холбооны мөрдөх товчооны баривчлахыг зорьж буй, террорист гэж үздэг нэгэн юм. Товчхондоо өнгөрсөн хэдэн арван жил АНУ-ын эсрэг хүчтэй тэмцлийг өрнүүлж ирсэн эрхмүүд Афганистан буюу Талибуудын Исламын Эмирт улсын Засгийн газрын нөлөө бүхий албанд томилогдоод байна.

Талибаны түр Засгийн газрын бүрэлдэхүүнд Афганистаны бусад үндэстэн, болон эмэгтэйчүүдийн төлөөлөл багтаагүй байгаа хэдий ч илүү олон томилгоо цаашид хийгдэнэ гэдгийг тус хөдөлгөөний хэвлэлийн төлөөлөгч яриандаа дурдаж.

Охид, эмэгтэйчүүдийн эрхийг эрс хязгаарлаж ирсэн Талибууд энэ удаад илүү нээлттэй, ялгаварлалт багатай Засгийг байгуулж чадах эсэхийг олон улс анхааралтай ажиглаж байгаа юм. Тус хөдөлгөөн 1991 оноос 2001 оны хооронд Афганистаныг удирдаж байх үеэрээ эмэгтэйчүүдийн эрхийг эрс хязгаарлаж, мөн үндэс, угсаагаар ялгаварлах байдал түгээмэл байж. Иймээс ч хуучны тэр цаг үе эргэн ирж магадгүй гэж болгоомжилж айсан, мөн Талибаны ноёрхлыг эсэргүүцсэн иргэдийн жагсаал мэр сэр өрнөж байна.  Ийм шалтгаантайгаар мөн тус улсын олон мянган иргэн эх орноосоо дүрвэхийг хүсч байна. Мягмар гарагт л гэхэд Афганистаны баруун зүгийн Херат хотод Талибаны эсрэг жагсаал болох үеэр 3 хүн алагдсан мэдээллийг Би Би Си дамжуулжээ. Талибууд жагсагчид руу гал нээх үеэр ийм зүйл болсон байна. Нийслэл Кабул хотод мөн л ижил төрлийн эсэргүүцлийн хөдөлгөөн болж, Талибууд жагсагчдыг тараахын тулд  сэрэмжлүүлэх гал нээсэн байна.

Эргэн сануулахад, өнгөрсөн даваа гарагт Талибаны хөдөлгөөн хяналтандаа авч чадаагүй байсан сүүлийн муж болох Панжширийг эзэлснээ зарласан юм. Ингэснээр Талибуудын эсрэг сүүлийн бэхлэлт нуран унаж, тус хөдөлгөөн Афганистаны бүх буюу 34 мужийг эзэлж, өөрсдийн засаг захиргааг бий болгосон.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна