Гишүүний эрхээ эдэлж болох ч бусдын эрхэнд халдаж болох уу, Д.Ганбат гишүүн ээ

Б.Цэдэвсүрэн
2021/10/13

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид ажиллаа. Тэрбээр хаалттай хорих анги руу нэвтрэхээр очих үедээ харуул, хамгаалалт хариуцсан албан хаагч нарыг дарамтлах өнгө аясаар ярьж эхэлсэн. Уг нь түүний хувьд тус хорих ангид саатуулагдаад буй иргэн Монголхүү, Одбаяр нарын эрх зөрчигдөж байгаа эсэхийг шалгах, эрүү шүүлт явагдаж байгаа эсэхийг нүдээр үзэхээр очсон бололтой.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд гишүүний бүрэн эрхийн талаарх заалтуудад 8.1.17.бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аль ч байгууллагад чөлөөтэй нэвтэрч, хэнтэй ч хүлээгдэлгүй уулзах, шаардлагатай асуудлаар тайлбар, мэдээлэл авах хэмээн заасан байдаг. Эрхэм гишүүн хуулиар олгогдсон эрхээ эдлэх явцдаа эрхээ хэтрүүлэн хаалттай хорих анги руу хэвлэл мэдээллийн хэрэгсэл дагуулж орохыг оролдож ингэхдээ “Та нар намайг ийшээ орохоор яах ч юм билээ. Тиймээс би хэвлэл авч орно” хэмээн “саагив”. Мөн “Намайг та нар зодох уу, зодооч тэгээд...”, "Энийг надад Монголын төр өгсөн юм. Мэдэв үү" хэмээн гишүүний тэмдгээ гайхуулж УИХ-ын гишүүнээс гарч боломгүй авир гаргаж, “дөвчигнөв”.

“Би бол төр. Ойлгож байна уу” хэмээн хамгаалалтын албан хаагчдад “томорсон” түүнд ард түмнийхээ саналыг авч сонгогдсон учраас төрийг төлөөлөх эрх бий. Гэвч дээрх хуульд заасанчлан УИХ гишүүн тангараг өргөхдөө “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн алтан соёмбот тугандаа ёслодог билээ.

“Ухаан дутсан газар уур ноёлодог” гэгчээр энэ удаа УИХ-ын гишүүн Д.Ганбат бүрэн эрхээ арай л хэтрүүлж, өргөсөн тангаргаа умартав бололтой.

Хүний эрхийг хамгаалахын төлөө тус хорих ангид очсон тэрбээр хамгаалалтын албан хаагчдыг энэ мэтээр “жижигрүүлж” эрхэнд нь халдав. Тэр ч бүү хэл олон хүн үзэж буй шууд лайвын үеэр “Би та нарын цалинг анх нэмүүлсэн. Одоо чи хэдэн төгрөгийн цалин авч байна. Хэл” хэмээн тулгав. Тухайн төрийн албан хаагч хэдэн төгрөгийн цалин авдаг нь хувь хүний нууцтай холбоотой асуудал. Гэтэл ийм хүний эрхийн талаар наад захын мэдрэмжгүй атал “Би УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүний эрхийн дэд хороо, Хууль зүйн байнгын хорооны гишүүн байна” хэмээн дахин давтан хэлэх нь эдгээр албан тушаалаа зөвхөн эрх мэдэл төдийгөөр ойлгодог бололтой.

Ийнхүү “саагиж” хаалга нээгдсэн сиймхийгээр хорих ангийн хашаа руу нэвтэрч, тэр ч бүү хэл хэвлэлээ өөрийн биеэр хариуцаад орно хэмээн “томорч” бүтээгүйд хорих руу өөрөө орохоор зүглэсэн юм. Хэсэг хугацааны дараа гарч ирэхдээ бүрэн бүтэн гарч ирснийг энд онцлоё.

Хэдийгээр УИХ-ын гишүүдэд олон төрлийн эрх нээгддэг ч түүний эрх бусдын эрхээр хязгаарлагддаг гэдгийг гишүүн огооров. Нэгэнтээ бетон дээр нэрээ мөнхөлж нэрд гарсан тэрбээр бурхангүй газрын бумба гэгчээр лидергүй болсон АН-ын лидер нь тул ийнхүү дөвчигнөх энүүхэнд биз ээ... 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна