П.Бүрэнтөгс: Надад Улсын аварга гэдэг эрхэм нэр төр хангалттай

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/14

Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс "Бүрэн Монгол гэр" төслөө Монгол орны 21 аймагт хэрэгжүүлэхээр болжээ.

Тэрбээр төслийнхөө хүрээнд амьдралын төлөө зорилго тэмүүлэлтэй залуу гэр бүлийн амьдрах орчинг сайжруулах зорилгоор иж бүрэн тавилгатай Монгол гэр өгч, тухайн хосын хурим найрыг хийж өгөх гэнэ.

Төслийн хүрээнд аймгуудын Засаг дарга болон бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах юм байна.

Тусгайлан зориулсан Монгол гэрийг "Хар цахиур" компани захиалгын дагуу хийж, 21 тооны зургаан ханатай гэрийг үйлдвэрлэж байгаа аж.

Монгол Улсын Аварга П.Бүрэнтөгс: Монголчууд бид эвтэй байхдаа дэлхийн талыг эзэгнэсэн хүчтэй ард түмэн. Спорт ч гэсэн эв нэгдлийн бэлэг тэмдэг байх учиртай. Харамсалтай нь үндэсний спорт маань сүүлийн үед талцал, хагарлын талбар болчихоод байгаа. Иймд бид үндэсний өв соёл, ёс заншлаа түгээн дэлгэрүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Нийгэмд чиглэсэн сайн дурын ажил хийхээр зарим хүн "Ямар нэгэн зорилготой ийм ажил хийж байна. Улс төр рүү орох гэж байгаа юм уу" гэж хардаж байх шиг. Тэр хүмүүст хандаж хэлэхэд би улс төр рүү орохгүй. Надад үндэсний өв соёлыг тээсэн улсын аварга гэдэг эрхэм нэр төр хангалттай" гэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна