Фэйсбүүк компани нэрээ солихоор төлөвлөж байгааг мэдээлжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/20

Дэлхийн хамгийн том сошиал платофрмыг эзэмшигч Фэйсбүүк компани нэрээ солихоор төлөвлөж байгаа тухай уг асуудалд ойр ажилладаг эх сурвалж мэдээлжээ.

Компанийн шинэ нэрийг аравдугаар сарын 28-нд болох тус компаниас жил тутам зохион байгуулдаг Connect чуулганы үеэр, эсвэл түүнээс ч өмнө зарлаж магадгүй гэнэ.

Фэйсбүүк үйлчилгээ нь Instagram, WhatsApp, Oculus зэрэг бусад бүтээгдэхүүнүүдийн хамт нэг толгой компанийн нэрэн дор ажиллах ажээ.

Ингэснээр Фэйсбүүк нь зөвхөн сошиал медиа компани биш, интернэтийн дараагийн үе гэгддэг метаверс салбарын компани болж байгаагаа харуулах зорилготой гэнэ.

Энэ оны долдугаар сард Фэйсбүүкийн гүйцэтгэх захирал Марк Закербэрг “ирэх жилүүдэд бид сошиал медиа компаниас метаверс компани болох шилжилтийг гүйцэтгэнэ” гэж хэвлэлд ярьж байсан юм.

Метаверс (metaverse) бол хүмүүсийг бодит амьдралаас нь гадна AR, VR зэрэг технологийн тусламжтай виртуал ертөнцөд амьдруулах тухай ойлголт.

Ребрэндинг хийх буюу нэрээ солих нь сүүлийн үед хэл амнаас салахгүй байгаа Фэйсбүүк компанийн хувьд нэр хүндээ сэргээх чухал шийдвэр байж магадгүй юм.

2015 онд Google компани бас ийм загвараар нэрээ сольж, Alphabet толгой компанийн дор бүх үйлчилгээгээ явуулдаг болсон.

Ингэснээр тус компани зөвхөн хайлтын системийн компани биш болж, илүү өргөн хүрээнд ажиллах зорилгоо зарласан юм.

 Эх сурвалж: The Verge

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна