МАН-ын "томчууд” дуугардаг гишүүдийнхээ амыг барьж эхэлжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/22

Өнөөгийн эрх баригч МАН-ынхан эхлээд гишүүдээ, дараа нь олон нийтийг “дуугүй” болгож, дураараа жиргэх гэж байна гэх хардлага биелэлээ олох нь ээ. Намынхаа буруу, зөрүүг шулуухан хэлчихдэг шударга, зарчимч хүмүүсийг аливаа хурал, цуглаан, уулзалтад “бяцхан” шалтгаар тусгаарладаг болсон байна. Тодруулбал, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нар намыхаа дэргэдэх төрийн бус байгууулагын гишүүдтэйгээ уулзсан байна.

Гэтэл МАН-ын гишүүн болоод 25-35 жил болж буй зарим хүнийг оролцуулаагүй аж. Энэ тухай тус намын гишүүн Б.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудастаа бичжээ. Түүнтэй хамт “ХОЦОРСОН" гэх шалтгаар намын дарга нартаа үгээ хэлж чадаагүй Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Хууль зүй дотоод хэргийн дэд сайд асан В.Удвал ч мөн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Товчхондоо, МАН гишүүдийнхээ дууг хорьж эхэлж, нийгмийн байгаа байдлыг үнэнээр нь хэлдэг хүмүүсийнхээ амыг хорьж байгаа нь энэ.

Б.Оюун-Эрдэнэ цахим хуудастаа “Энэ намтай амьдралынхаа 35-25 жилийг холбосон эмэгтэйчүүд бид 9-10 минут хоцроод, уулзалтад орох эрхгүй болсон юм. УИХын гишүүдээс эхлээд өөр олон хүн байсан ч тэгсгээд сарнисан тул хөрөг зурагт орсонгүй, алдаж асгах юмтай ч улс дөө.

Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн асан, туршлагатай хуульч В. Удвал эгч цаг нар хоцроод байх хэмжээний хүн биш. Харин би бол дарга нар ярих юмаа ярьж байг гэсэн бодлоор зориуд аажуурсан. Илүүдүүлж эдгээрийг нурших нь ардчилсан, эрх чөлөөт улсын иргэний хувьд өөрсдийнхөөрөө цаг нараа зохицуулсан нь буруутаж орхив. Сэтгүүлч Т.Бүдээхүү, Хяналтын хорооны гишүүн Ш.Алтанчимэг гээд хэзээ ч, хэний ч өмнө торолгүй үгээ хэлдэг хэсэг нөхөд байгаа юм. Ер нь бол дарга нарыг сонсох гэж биш, үгээ хэлэх гэж, олон түмний бодол санааг дамжуулах гэсний хэрэг билээ.

HAM бол үзэл санааны л нэгдэл, сайн дурын шинжтэй. Энд албадлага байх ёсгүй. Засгийн эрх авах үндсэн зорилго нь гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил, тэр их массын чимээгүй их хүч, үнэ цэн дээр оршдог. Залуусын эрч хүч, дунд үеийнхний түшиг тулгуур, ахмад настнуудын санчигны саарал үс, бөгтийсөн нуруун дээр эрх ямба, зөөлөн суудал тань ирдэг гэдгийг мартаж санаад байвал санахтун. Энэ мөрлөсөн мөр хазайж ганхаад байна. Нүрхийтэл нуран унахад бэлэн болсон шүү. НАМ чинь дотроо ганхаж, гишүүд чинь цөхөрч, хийж буй үйлдлээс чинь их нь ичиж, бага нь уйлна гэгч болж байгааг. МАН хаашаа яваад байгааг дотроо асуух гэж байсан юм. Боломж олдоогүй бол одоо эндээс асууж байна. Дэлхий дээр ганцхан байгаа Ким Жон Уны нам болмоор байна уу. Тийм хүсэл биелэхгүй. Монгол тийм болохгүй шүү гэдгийг сануулъя.” гэжээ.

Мөн Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн асан, туршлагатай хуульч В.Удвал “Хоцорсон нь миний буруу ч хэлэх үгээ хаана ч хэлэх эрхийг харин 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулиар надад олгосон билээ. Тиймээ би ч үгээ хэлэх гэсэн юм. Намайг ярихаар өөрийнхөө тухай ярьдаг гэж хүмүүс эмзэглэдэг ч намын цаашдын нам шиг нам байх үйлсэд л хэрэг болох асуудлаа ярих гэсэн юмаа. Гаргасан, байгаа хуулиудаа ойлгож "Монгол хүний хүний төлөө ажиллах"-ыг Та бүхнээс хүсэх гэсэн юм. Улс төрийн намын тухай хуулийн шинэчлэлээр парламентын засаглалтай гэж ярьдаг энэ орныхоо улс төрийн намын шинэчлэлийг хийгээсэй, Намын дотоод ардчиллыг хөгжүүлээсэй, улс төрийн санхүүжилтийг бусад орны жишигт хүргэж зохицуулаасай гэх мэт ярих юмнууд ч байсан юмаа.” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан байна.

Эх сурвалж: erennews.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна