Гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгах туршилтыг амжилттай хийжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/23

АНУ-ын мэс засалчид гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгах туршилтыг амжилттай хийжээ.

Тэд донорын эрхтний дутагдлын асуудлыг шийдвэрлэхээр гахайн бөөрийг хүнд шилжүүлэн суулгах мэс заслыг туршилтаар хийсэн нь энэ аж.

Гахайн бөөрийг шилжүүлэн суулгуулсан хүний тархи нь үхэжсэн буюу амьдрах найдваргүй болсон байв. Одоогоор тэдний ажлын үр дүн хараахан хянагдаж, судалгаа нь хэвлэгдээгүй байгаа ч тэдэнд энэ талаарх хэтийн төлөвлөгөө байгаа аж. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар энэ нь одоогоор тус салбарт хийгдсэн хамгийн дэвшилтэт туршилт гэжээ.

Гахайн зарим эд эрхтний бүтэц, хэмжээ нь ч хүмүүст тохирсон байдаг

Гахайн эрхтнийг шилжүүлэн суулгасан нь тус салбарт туршсан анхны санаа биш юм. Гахайн зүрхний хавхлагыг хүмүүст аль хэдийн ашиглаад эхэлсэн.  Мөн тэдний зарим эд эрхтний бүтэц, хэмжээ нь ч хүмүүст тохирсон байдаг гэх мэт давуу тал байдаг аж.

Нью-Йоркийн их сургуулийн Лангоне эрүүл мэндийн төвд хоёр цаг үргэлжилсэн хагалгааны үеэр мэс засалчид тархи нь үхэжсэн өвчтөнд гахайн бөөрийг суулгаж, цусны судастай холбосон ба бөөрний хэвийн үйл ажиллагаа, хүний биеийн эрхтэн систем амьтны бөөрийг хэрхэн хүлээж авч байгаа эсэхийг хянажээ.  Ингэхдээ тэд мэс заслаас хойш хоёр өдрийн хугацаанд бөөрний үйл ажиллагааг сайтар хянаж, олон тооны үзлэг, шинжилгээ хийсэн байна.

Мэс засал хийсэн багМэс засал хийсэн багАхлах судлаач, доктор Роберт Монтгомери ВВС-ийн нэвтрүүлэгт хэлэхдээ "Бид энгийн хүний бөөр шилжүүлэн суулгахтай адил мэс заслын арга барилаар хийсэн. Бөөр хэвийн ажиллаж байсан бөгөөд мэс заслын дараа сөрөг байдал илрээгүй. Өнөөдрийн байдлаар эрхтэн шилжүүлэн суулгахаар хүлээж буй өвчтөнүүдийн 40 орчим хувь нь мэс засал хийлгэхээсээ өмнө нас барж байгааг би онцолмоор байна.  Бид гахайг хүнсний эх үүсвэр, эмийн зориулалтаар ашигладаг. Тиймээс энэ нь үүнээс ялгаатай биш гэж бодож байна” гэжээ.

Тэрээр үүнд нэмэлт нарийн судалгаа хийх шаардлагатай хэмээн үзэж байгаа ба АНУ-ын зохицуулагч FDA гахайн эрхтнийг энэ төрлийн судалгаанд ашиглахыг зөвшөөрчээ. Мөн мэс засал хийхдээ гахайн бөөр суулгуулсан өвчтөний ар гэрээс урьдчилан зөвшөөрөл авсан байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна