Н.Уртнасан: Аялал жуулчлалын салбар Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар болно

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/26

Цар тахлын улмаас хоёр жил орчмын хугацаанд тэг зогсолт хийсэн аялал жуулчлалын салбарынхан өнөөдөр буюу 2021 оны 10 сарын 26-ны өдөр чууллаа.

Тэд уналтад орсон сэргээх, эдийн засгаа хөгжүүлэх шийдлийг эрэлхийлэн, асуудлыг тал бүрээс нь хэлэлцэхээр “Tourism forum Mongolia 2021” арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

“Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги” уриан дор болж байгаа уг форумаар

  • Ковидын үеийн болон дараах маркетинг, гадаад сурталчилгаа
  • Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэрлэх асуудлууд
  • Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт гэсэн гурван сэдвийн хүрээнд итгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

МҮХАҮТ-д болж байгаа дээрх чуулганыг нээж Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан үг хэллээ.

Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Сүүлийн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар 3 их наяд төгрөгийн алдагдал хүлээж, энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа 1600 орчим аж ахуйн нэгж эдийн засгийн хүндрэлийг эрсдэл багатай даван туулах, чадвартай мэргэшсэн боловсон хүчний нөөцөө хэрхэн хадгалж үлдэх вэ зэрэг асуудал бидний өмнө тулгарч байна.

Улс орон бүр салбарын эрдэмтэн, судлаачид, олон улсын мэргэжлийн байгууллагууд, төр хувийн хэвшил болон бүхий л оролцогч талуудын төлөөллийн хамтаар ковидын дараа аялал жуулчлалыг сэргээх стратеги боловсруулахад голлон анхаарлаа хандуулж байна.

Мэдээллийн эрин зууны энэ цаг үед, Коронавирус цар тахлын нөхцөл байдлаас хамаарч цахимаар иргэдийг татах, аж ахуй нэгжүүдтэйгээ хамтарч аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд хөгжүүлнэ.

Монгол орны унаган байгаль, нүүдэлчин соёлыг дэлхийд таниулна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд маркетингийн ажлыг эрчимжүүлж гар утасны аппликэйшн, виртуал үзэсгэлэн гэх мэт цахим төрлүүдийг дэмж, олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.

Аялал жуулчлалын салбар Монголын эдийн засгийн тэргүүлэх салбар болно

Цар тахлын нөхцөл байдлаас болж хамгийн их уналтад орж, ажлын байрны 70-80%-ыг алдсан салбар бол Аялал жуулчлалын салбар.

Шинэ сэргэлтийн бодлого хуулийн төсөлд Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тусгай бодлого туссан. 2022 онд бид өмнөө тулгарсан бэрхшээлийг хамтдаа давах, харилцан бие биенээ дэмжиж, эв нэгдэлтэйгээр эдийн засгаа сэргээх болно.

Цаашид бид агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, олон улсын нислэгийн суудал, чиглэлийн давтамжийг нэмэгдүүлэх, нисэх буудлуудыг олон улсын 4С, 4D ангиллын нисэх буудал болгон өргөжүүлэх ажлуудыг Зам тээврийн хөгжлийн яам, холбогдох авиа компаниудтай хамтран шат дараатай хэрэгжүүлэх шаардлагатай.

Аялагчдын Монгол орныг зорих шалтгаан бол байгалийн зорилтот аялал

Цар тахлын дараа аялал жуулчлалын урсгалыг нь зөв хэмжээнд сэргээж, олон улсын болон бүс нутгийн  аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан аялал жуулчлалын салбарыг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болгон хөгжүүлэх, 1 сая жуулчин хүлээн авах зорилтоо хангахад төр, хувийн хэвшлийн нэгдмэл зорилго, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа өнөө цагт нэн чухал” гэлээ.


 

 

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна