Урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр ирэх сарын 1-нээс нээнэ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/10/27

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.27/ болж, дараах асуудлыг хэлэлцлээ. 

Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг вакцины нэмэлт гуравдугаар тунд 389411 хүн хамрагдсан байна. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх, энгийн амьдралд шилжихэд дархлаа сэргээх энэхүү тунд иргэдийн хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх нь чухал байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлээд холбогдох хүмүүст чиглэл өглөө.

Коронавируст халдварын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг шинэчилж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой  комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгов.

Зорилтод бүлгийн иргэдийн нэмэлт тунд хамрагдсан байдал 50 хувьд хүрвэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг бууруулах нь зүйтэй гэлээ.

Ирэх сараас урлаг, соёл, спортын арга хэмжээг 50 хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах, гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулах арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Мөн төрийн байгууллагууд шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна