Хятадын засгийн газар айл өрхүүдийг хүнсээ нөөцлөхийг уриалжээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/04

Хятадын засгийн газар иргэдээ онцгой байдлын үед зайлшгүй шаардлагатай зүйлээ нөөцлөхийг уриалав. Худалдааны яам мэдэгдэлдээ шалтгаанаа тайлбарлаагүй боловч Хятадад коронавирустай холбоотой хөл хорио үргэлжилж, их хэмжээний аадар борооны дараа хүнсний ногооны хангамжийн асуудал доголдож эхэлжээ. Мөн тус яам орон нутгийн удирдлагуудаас нийлүүлэлтийн сүлжээг хэвийн явуулж, үнийг тогтвортой байлгахыг хүсжээ.

Уг мэдээ нийтлэгдсэнээс хойш хүмүүс худалдан авалт хийж, дэлгүүрүүдэд үймээн самуун дэгдсэн байна. Хятадын нийгмийн сүлжээний “Weibo” сайтад нэгэн хэрэглэгч “Энэ мэдээ гармагц миний ойр орчмын бүх хөгшин хүмүүс галзуурч, супермаркетаас худалдан авалт хийж эхэлсэн” гэж бичжээ.

Хятадын Коммунист намын дэмжлэгтэй “The Economic Daily” өдөр тутмын сонин уншигчдадаа сандрахгүй байхыг уриалж, засгийн газрын зөвлөгөө нь тухайн бүс нутагт хөл хорио тогтоосон тохиолдолд айл өрхүүдийг бэлэн байлгахад чиглэгдсэн гэж мэдэгдэв.

“People’s Daily” сонинд энэ төрлийн мэдэгдлийг этгээд зүйл биш гээд хүнсний ногооны үнийн өсөлт, сүүлийн үед ковидын тохиолдлууд нэмэгдэж байгаа зэрэг асуудлуудтай холбон тайлбарлажээ.

Хятадад өвөл ойртох тусам хүнсний үнэ өсдөг уламжлалтай ч цаг агаарын эрс тэс уур амьсгалын улмаас хүнсний ногооны үнэ сүүлийн долоо хоногт илүү нэмэгдсэн байна.

Үүний зэрэгцээ тус улс коронавирустай тэмцэхийн тулд хатуу хөл хориог үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна. Хятад улс хоёрдугаар сард эхлэх Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулахаас өмнө халдварын тоог тэг хүргэхээр ажиллаж байна.

Даваа гарагт Хятадад коронавирусийн 92 шинэ тохиолдол бүртгэгдэж, амралтын өдрүүдээр Шанхайд зочилсон нэг хүний шинжилгээний хариу эерэг гарсны дараа “Disneyland”-ыг хоёр өдрийн хугацаатай хаасан.

Эх сурвалж: newswire.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна