Японы Ерөнхий сайд шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнээ өнөөдөр зарлана

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/10

 Японы Либерал демократ намын тэргүүлсэн эрх баригч эвсэл өнгөрсөн сард болсон бүх нийтийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсантай холбогдуулан Кишида Фумио дахин Шинэ засгийн газар бүрдүүлэхээр болсон юм.

Өнөөдөр үдээс хойш хуралдах парламентын ээлжит бус хуралдаанаар парламентын хоёр танхим Кишида Фумиог Ерөнхий сайдаар томилох төлөвтэй байна. Кишида анхны Засгийн газрынхаа Гадаад харилцааны сайдаас бусад бүх сайд нараа эргүүлэн томилохоор төлөвлөж байна. Хаяши Ёшимасаг Гадаад харилцааны сайдад томилохоор сонгосон гэж Японы төв хэвлэлд мэдээлжээ.

Кишида энэ 7 хоногийн баасан гарагт шинэ Засгийн газрынхаа коронавирусний эсрэг авах арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулах юм байна. Мөн тэрбээр цар тахлын сөрөг нөлөөнд ашиг орлого нь буурсан иргэдээ дэмжих эдийн засгийн шинэ төлөвлөгөөгөө ч эцэслэн батлахаар төлөвлөж байна. Уг төлөвлөгөөнд 18 ба түүнээс доош насны иргэн бүрт 900 орчим ам.долларын нөхөн олговор олгохоор тусгажээ.

Японы шинээр бүрдэх Засгийн газар ирэх сард чуулган зарлан хуралдуулж, эдийн засгийн багц хөтөлбөрийг санхүүжүүлэх төсвийн тодотголын тухай хуулийн төслийг өргөн барих төлөвтэй байна. Мөн Японы Ерөнхий сайд шинээр байгуулагдсан эрдэмтдийн зөвлөлөөр өөрийнхөө зарласан капитализмын шинэ загварыг хөгжүүлэх арга замуудыг хэлэлцүүлэх зорилготой байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна