Сэлэнгэ аймгийн иргэд шинээр томилогдож буй Засаг даргын томилгоог эсэргүүцэж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/19

Сэлэнгэ аймгийн иргэд өнөөдөр шинээр томилогдож буй Засаг дарга Н.Лхагвадоржийг эсэргүүцэж жагсав. Тодруулбал, өчигдөр аймгийн МАН-ын бага хурал болж, шинэ Засаг даргыг сонгох томилгоог хэлэлцсэн. Одоогоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар энэ асуудлыг оруулж эцэслээгүй байгаа аж. Тиймээс нутгийн иргэд нь шийдвэр гаргахаас өмнө энэ томилгоог цуцлахыг шаардаж Засаг даргын Тамгын газрын үүдэнд жагсч байна.

Иргэдийн хэлж байгаагаар Сэлэнгэ аймагт МАН-ынхан бүлэг болж бугшсан. Төрийн өмчийг тендер зарлахгүйгээр дур мэдэн хуваарилдаг. Байгалийн баялгийг хувийн эрх ашгаар  завшдаг. Эдгээр нь бүгд баримттай тухай хэлж байв. Мөн хууль бус томилгоог өөгшүүлж, нутаг орны хөгжлийг хойш нь татаж байгаад иргэд дургүйцэж байгаагаа илэрхийлэв. Тиймээс шинээр томилогдох Засаг даргаар Н.Лхагвадоржийг сонговол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ илэрхийллээ.

Аймгийн Засаг дарга Ш.Оргил олон сараар эмчилгээ хийлгэх, дахин хагалгаанд орох болсон шалтгааны улмаас үүрэгт ажлаа өгч буйгаа мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Сэлэнгэ аймгийн Засаг даргыг сонгох аймгийн МАН-ын хорооны VIII хурал өчигдөр болсон юм. Хуралдаанд нийт оролцох 79 гишүүнээс 75 гишүүн оролцож, аймгийн засаг даргад Мандал сумын засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Н.Лхагвадорж, мөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Отгонхүү нар нэр дэвшиж хуралдаанд оролцогчдын 56 хувийн саналаар, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Нацагдоржийн Лхагвадоржийг сонгосон байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна