Д.Тогтохсүрэн: "Богд Зонхова" цогцолборт төсөвлөсөн 32 тэрбум төгрөгийг ЗГ царцаахаар болсон

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/22

Өнөөдөр Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн ээлжит хурал боллоо. Хурлаар хоёр асуудал хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө.

Тэрээр "Бүлгийн хурлаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Түүнчлэн нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр ирэх онуудад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын танилцуулга сонслоо. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад онгоцны шатахууны асуудлыг хөндсөн. Засгийн газар өнгөрсөн сард хуралдаад хувийн хэвшлээр явж байсан онгоцны шатахуунуудыг төрийн өмчит компаниар дамжуулж явуулах нь зүйтэй гэж үзээд хуулийн төсөл өргөн барьсан. Цаашид “Эрдэс ойл” төрийн өмчит компани ОХУ-ын “Роснефть” компанитай хамтраад онгоцны шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг бууруулахыг зорино. Үүнтэй холбоотойгоор тус хуульд нэмэлт өөрчлөлт орж байгаа юм. Тус хуулийг Засгийн газар яаралтайгаар өргөн барьсан. Энэ асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцээд дэмжсэн. Гэхдээ дэмжихдээ цаашид гэрээнд тусгаж хэрэгжүүлэх хэд хэдэн асуудал байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, үнийг бууруулах хэрэгтэй, хоёрт зөвхөн олон улсын нисэх онгоц биш орон нутгийн нисэх онгоцны шатахууны үнийг бууруулах чиглэлд анхаарах ёстой. Гуравдугаарт,  дэд бүтцийн түрээстэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх гэх мэтээр гишүүд тодорхой санал гаргасан. 

Мөн энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлд төлөвлөсөн асуудлуудын талаар танилцуулга сонссон. Засгийн газраас энэ онд Нийслэлийн түгжрэлийг бууруулах чиглэлд онцгой анхаарахаар төлөвлөсөн. Үүнтэй холбоотойгоор нийслэлээс хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаар сонсож байгаа. Олон арга замуудыг гаргаж байна. Тухайлбал, нийтийн тээврийг хөгжүүлэх, захиргааны чиглэлээр авч хэрэгжүүлэх ажлууд байна. Мөн авто замын зогсоол, нэвтрэх чадварыг сайжруулах чиглэлд ажлууд төлөвлөсөн. Үүнд УИХ дахь Нийслэлийн хөгжлийн түр хороо хяналт тавьж үйл ажиллагааг сонсож ажиллах нь зүйтэй юм гэж бүлэг шийдвэрлэлээ. Нийслэлээс хэрэгжүүлэх ажлыг хурдан шуурхай хэрэгжүүлэх, тодорхой бодитой үр дүн гаргаж ажиллах шаардлагатай байна гэдэг чиглэлээр гишүүд санал хэлсэн" гэсэн юм. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс сүүлийн хоногуудад иргэдийн шүүмжлэлд өртөөд буй 32 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй "Богд Зонхова" цогцолборын асуудлын талаар тодруулахад:

"Бүлгийн хурлаар энэ талаар яриагүй. Засгийн газраас энэ асуудлын талаар мэдээлэл хийсэн болов уу.  32 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Богд Зонховын цогцолбор барихтай холбоотой асуудлыг Их хурлаас биш Засгийн газраас оруулж ирсэн. Тухайлбал Засгийн газраас 2022 оны төсвийг УИХ-д оруулахдаа энэ асуудлыг Соёлын сайдын багц дээр оруулж ирсэн байна лээ. Нийгмийн зүгээс маш хүчтэй шүүмжлэл ирж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч тодорхой хүмүүст чиглэл өгсөн. Тэрний дагуу Засгийн газар энэ хөрөнгийг царцаах нь зүйтэй гэх шийдвэрийг ойрын үед гаргая гэж байгаа юм байна лээ. Энэ талаар Засгийн газар мэдээлэл хийх байх" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна