30 ЖИЛИЙН ГАЙХАМШИГТ НӨХӨРЛӨЛ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/25

Бага тойргоос төрсөн гавьяат жүжигчин Г.Амгаланбаатар, Баянзүрх дүүргээс УИХ-ын гишүүн болсон Э.Бат-Амгалан нарын буюу 2 Амгаагийн 30 жилийн нөхөрлөлийн түүхийг та бүхэнд хүргэе!

Хүний амьдралд жаргал зовлон, унаж босох үе бишгүй бий. Гагцхүү энэ бүх үед хүний хажууд байдаг 2 л зүйлийн нэг нь найз, нөгөөх нь гэр бүл, хань ижил байдаг.

Яахав зарим нь ажил албаны нөхөрлөл гэх мэт зүйлс хэлэх л байх. Гэхдээ яг үнэндээ бол дээрх хоёр л хүний амьдралд байдаг.

Хүн ер нь гэр бүлээ жаргалтай байлгахын төлөө хар бор ажлаас эхлээд амьдралаа дээшлүүлэх бүхий л зүйлсийг хийдэг. Харин энэ бүх зүйлсийг хамтарч хийдэг хүн нь итгэлт найз.

Ингээд та бүхэнд нэгэн гайхалтай найзуудын түүхийг товч бөгөөд тодорхой хүүрнэе!

ХОЁР АМГАА

Өчигдөрхөн Төрсөн өдрөөрөө төрдөө үнсүүлж, түмний гавьяат болсон нэгэн эрхэм бий. Тэр бол та бидний мэдэхээр Драмын 4-ийн нэг Г.Амгаланбаатар. Өнөөдөр тэрээр Драмын театрын жүжигчин, Соёл урлагийн их сургуулийн багш, Чингис хааны дүрийг бүтээсэн гээд урлагийн тогоондоо чанагдаж, бас залуусыг чанаж яваа.

Харин түүнд час хийсэн ганц найз бий. Тэр нь Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан.

Дотно хүмүүсийн дунд бол гавьяатыг Бага тойргийн Амгаа, УИХ-ын гишүүнийг Микрийн Амгаа гэдэг. Тэдний анх танилцаж байсан түүх их сонирхолтой.

Ёстой цусаа гартал зодолдож, тосоо гартал тэврэлдэнэ гэдэг шиг. 10 жилийн сурагч байхдаа тэд хоорондоо ам мурийж, зодолдож танилцсан гэнэ. Одоо түүнийгээ ярих гэхээр ноцолдсон, зууралдсан л гэж ярьдаг. Гэхдээ тэд зодолдлоо гээд хоёр тийш бололгүй улам илүү нөхөрлөж 30 гаруй жил болж.

Зарим хүнээс сураг сонсохнээ тэр хоёр хөтлөлцөөд залуучуудын байгууллага, бизнес гээд бүгдийг л хамтдаа нэг нэгэндээ дэм болж хийсэн байх юм. Үнэхээр л эрчүүдийн нөхөрлөл ямар байдгийг тэднээс хармаар..

2020 оны УИХ-ын сонгууль. Би сонгуулийн ганц хоёр нэр дэвшигчээс яриа авах санаатай хот дотор хайгуул болоод явж байв. Тэр үед Баянзүрхийн Жуков, Кино үйлдвэр хавьд УИХ-ын сонгуульд одоогийн гишүүн Э.Бат-Амгалан нөгөө Амгаагаа дагуулчихсан залуучууд дунд соц нийгмийн үед яаж амьдарч байсан, хэрхэн танилцсан гээд л маш энгийн бөгөөд тодорхой зүйлсийг ярьж байлаа. Тэндээс сэтгүүлч миний бие дээрх бүх мэдээллийг авсан гэж хэлэхэд хилсдэхгүй. Ганцхан энэ уулзалт ч биш бага тойргийн Амгаа, микрийн Амгаагийнхаа төлөө сонгуулийн сурталчилгаанд бүх бие сэтгэлээ зориулж ажилласан гэж бүгд ярьдаг юм билээ.

Энэ бүхнийг харж, сонссон би ёстой л нөхөрлөл гэж аль ч үед хувирашгүй, нугарашгүй тийм гайхалтай зүйл байдаг гэдгийг ойлгосон. Мөн Бага тойргийн гавьяат жүжигчин Амгааг төрд үнсүүлж буй мөчийг үнэлж, харж суусан микрийн Амгаагийн төрхийг хараад аргагүй баясал төрж, эерэг зүйлс авч билээ.

Мөхөс миний бие дээр бичсэн нөхөрлөлийн жишээг залуучууд та бидний нөхөрлөлд сургамж, үлгэрлэл болно гэж найдсандаа бичлээ. Үүнийг уншиж байгаа та өөрийн сайн найзаараа үргэлж бахархаж, урмын үгээр тэтгэж яваарай!



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна