Шигшээ багийнхны гурван сарын цалинг “идчихсэн” юм уу, Ц.Шаравжамц дарга аа...

Б.Цэдэвсүрэн
2021/11/25

Токиогийн олимп дуусаад 3 сар болох гэж байна. Манай шигшээ багийн тамирчид өнгөрсөн таван жилийн хугацаанд чамгүй хөлс, хүчээ урсгаснаа батлан нэг мөнгө, гурван хүрэл, шагналт дөрвөн байр эзэлсэн билээ. Тэгвэл олимп дууссан, хамаг төсвөө олимпын наадамд зарцуулсан гэх шалтгаанаар спортын бүх төрлийн шигшээ багийнхны тамирчин, дасгалжуулагчдын цалин 10, 11 дүгээр сард буугаагүй, нийгмийн даатгал нь бөглөгдөөгүй байна.

Гэтэл энэ асуудлыг шийдвэрлэх ёстой удирдах албан тушаалтан БТСУХ-ны дарга, гавьяат тамирчин Ч.Шаравжамц АНУ-аар аялж буй талаараа фэйсбүүкдээ оруулж, цалингаа авъя хэмээн шаардаж коммэнт, чат бичсэн дасгалжуулагч, тамирчдыг блоклож байгаа аж.

Энэ талаар хэд хэдэн багш нараас тодруулахад, ““Өмнө нь олимпын дараа төсөв мөнгө дууссан” гэж хэлээд шинээр шигшээ баг бүрэлдэх хүртэл цалин өгдөггүй байсан. Бид тэгсэн л юм байх гээд хэл ам хийж байгаагүй. Гэтэл жил бүр улсын төсвийг батлахдаа төрийн албан хаагч нарын цалингийн төсвийг ч гэсэн баталдаг. Тэгэхдээ олимптой жил 8 сараас хойш шигшээ багийнханд цалин өгөхгүй гээд ярьж баталдаггүй байлтай гэж бодож байна” хэмээн учирласан.

Шигшээ багийн тамирчид ивээн тэтгэгч байгууллагаасаа сар бүр цалин авдаг тул шигшээ багийн цалинг хараад суугаа нь ховор ч харин багш, дасгалжуулагчдын хувьд цалин буухгүй байгаа нь хүндрэлтэй байгааг хэлж байлаа.

БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр дасгалжуулагч нарт төсвийн мөнгө дууссан учраас цалин тавих боломжгүй, нийгмийн даатгалыг чинь асуудалгүй бөглүүлнэ хэмээн анх хэлж байсан ч дасгалжуулагчид хэл ам хийж, хэвлэлд хандана гэдгийг сонсоод удахгүй цалинг чинь оруулна гэсээр өнөөдрийг хүрчээ.

Засгийн газраас Токиогийн олимпын наадамд онцгой анхаарч шигшээ багийнхны цалинг нэмэх арга хэмжээ авсан. Энэ хүрээнд өнгөрсөн 6, 7, 8, 9 дүгээр сард нэмэлт цалин аваад баярлаж байсан ч одоо бүр цалингүй болоод байгаа талаараа шигшээ багийн багш нар ярилаа. Тиймээс хэвлэлд хандаж, хэвлэлийн хурал зарлахаар төлөвлөж буйгаа хэлсэн.

Хэдийгээр олимпын цикл дуусч шигшээ багийг шинээр бүрдүүлэх ёстой ч одоогийн шигшээ багийг тараагаагүй, тамирчид олон улсын чанартай тэмцээнүүддээ оролцож, “ажлаа хийсээр” байхад тэдний цалинг өгөх нь зүйн хэрэг. Жүдочид олимпоос хойш хоёр ч томоохон тэмцээнд оролцоод буй. Маргааш АНЭУ-ын Абу Даби хотноо жүдогийн их дуулга тэмцээн эхэлнэ...

Манай улсын шигшээ багийн тамирчид, дасгалжуулагч нийлээд 300 гаруй хүн улсаас цалинжиж, эх орныхоо нэрийн өмнөөс олон улсын чанартай тэмцээн уралдаанд ордог. Тэгвэл эдгээр хүмүүсийн 10, 11, 12 дугаар сар буюу 3 сарын цалинг гээд тооцохоор багагүй мөнгөн дүн гарах билээ.

Ирэх оны хоёрдугаар сар гэхэд төрөл бүр Улсын аварга шалгаруулах тэмцээнээ зарлаж, шигшээ багийн шинэ бүрэлдэхүүнээ сонгоно. Тэгэхээр шинэ багийг цалинжуулж эхлэх юм бол энэ оны сүүлийн 3 дээр ирэх оны эхний хоёр сар, нийт таван сарын мөнгийг хэн “идсэн” байж болох вэ... хаашаа оров.

Бид энэ сэдвийн хүрээнд сурвалжилж эргэн мэдээлэх болно...



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна