УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан уралдаан зарлажээ

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/25

Цахим орчинд хандалтаа нэмэх гэсэн, пэйж хуудсынхаа дагагчийн тоог ахиулах гэсэн элдэв янзын мэдээлэл их явдаг болсон. Ийшээ дарж ороод лайк дарж, тэн дээр коммент бичиж, шэйр хий гэх зэргийн зүйлээс иргэд бүр залхсан гэх үү дээ. Тийм ч учраас өнөөх айхтар инфлюсер, реклам сурталчилгааг хашраагчид нь байсхийгээд л энд тэндэхийн пэйж хуудсанд лайк даруулж, коммент бичүүлж тэр дотроосоо “хамгийн сайн” гэгчийг тодруулж янз бүрийн урамшуулал, бэлэг сэлт өгдөг болоод удаж байна. Яг л болзолт уралдаан шиг. Яг үнэндээ хүмүүсийн авчих юмсан гэдэг сэтгэлзүй, нөгөөтэйгүүр эдийн засгийн боломж бололцоо таарууг ашиглаж өөрсдийн бизнесийн цар хүрээг тэлэх маркетингийн бодлого нь л энэ юм. Нэг бэлэг өгөх нэрийдлээр олон зуун хүнээр, үлдсэн олон зуун хүнд нь өнөөх бүтээгдэхүүн, байгууллагыг үнэгүй рекламдуулчихаж байна гэж энгийнээр харж болох юм.

Гэтэл УИХ-ын гишүүд нь хүртэл ийм арга хэрэглэдэг болчихож. Ёстой өмнөөс нь ичмээр. Өмнөх парламентэд ЗТЯ-ны сайд, энэ парламентэд УИХ-ын гишүүн хийж байгаа эрхэм төрийн түшээ Б.Энх-Амгалан өөрийн пэйж хуудсынхаа хандалтыг өсгөх гэсэн бололтой юм чааваас. Өөрийнхөө пэйжид нэгдэх, түүнийг нь шэйрлэх, орсон постууд дээр коммент бичих болзолтой уралдаан зарлажээ. Бас болоогүй таван шагналт байр шалгаруулж бүгдэд нь мөнгө өгнө гэж байгаа. Тэгснээ мөнгөн дүн нь нууц. Үүнийхээ зорилгыг аймаг орон нутагт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд хүргэх гээд эвтэйхээн тодорхойлчихсон.

Ийм л УИХ-ын гишүүн, ийм л ажлын алба Төрийн ордны хаа нэгтээ хийж бүтээж байна гээд сууж байна шүү дээ. Ичмээр.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна