А.Ариунзаяа: Магадгүй та өөрөө ч анзаарахгүйгээр хүчирхийлэл үйлдэж байж болно

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/11/25

2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Туушин зочид буудлын Сүлд танхимд 09:30-11:00 цагт “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ы нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос  НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

Энэхүү арга хэмжээний талаарх ХНХЯ-ны сайд А.Ариунзаяагийн сэтгэгдлийг хүргэж байна. 

УЛБАР ШАР ТУУЗ

Өнөө өглөө улбар шар тууз зүүлээ. Гэхдээ гоёл биш. Хүмүүсийг хүчирхийллийн асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн уриалга. Замын хөдөлгөөний шар гэрэл хүмүүст анхааруулдаг. Үүн шиг, бидний зүүсэн улбар шар туузыг хараад та бүхнийг эргэн тойрноо нэг анзаараарай гэж хүсэж байна. Таны ойр тойронд хэн нэгэн хүчирхийлэлд өртөж байгаа юм биш биз? Эсвэл та өөрөө хүчирхийлэл үйлдээгүй биз? Үг яриагаа нэг анзаараарай. Үйлдлээ бас хянаад бодоорой. Магадгүй та өөрөө ч анзаарахгүйгээр хүчирхийлэл үйлдэж байж болно. Үүнийгээ “байдаг л зүйл” гэж бодож магадгүй.

Уламжлал, заншил, тогтсон хэв маягаа одоо бүгдээрээ нэг зүйлийн ард оруулж хойш нь тавья. Юуны ард гэж үү? Хүний эрхийн ард. Нас, хүйс, сонирхол, үзэл бодол, ажил мэргэжил ямар байхаас үл хамааран хэн ч гэсэн сэтгэлийн шаналгаагүй, түгшүүргүй, биеийн зовуургүй амьдрах эрхтэй. Товчхондоо аз жаргалтай амьдрах эрхтэй. Энэ эрхийг л “Байдаг л нэг зүйл”-ийн урд нь оруулчихъя. Хүн бүр аз жаргалтай байхыг хүсдэг учраас эсэргүүцэх хүн гарахгүй болов уу.

Эмэгтэй хүн ийм байх ёстой, эрэгтэй хүн тийм байх хэрэгтэй гэдэг хэвшмэл ойлголтын цаана хэчнээн олон хүний эрх зөрчигдөж бие, сэтгэлийн шаналал эдэлж, хэчнээн хүүхдийн нүд нулимстай, сэтгэл нь сүүдэртэй байгааг нэг бүрчлэн тоолж бүртгэх аргагүй. Учир нь хүчирхийлэл ихэвчлэн далд хэлбэрт байдаг. Илрүүлж болно. Гэхдээ бүгдийг чадахгүй. Хүчирхийлэл үйлдэгчийг шийтгэж болно. Гээд асуудал шийдэгдэхгүй. Тиймээс хүн бүр ойлголт, хандлагаа өөрчилж байж нулимстай нүдийг цөөрүүлнэ. Бие сэтгэлийн шаналлыг багасгана. Дэлхий даяар ач холбогдол өгч тэмдэглэдэг 16 хоногийн аяны утга учир үүнд байгаа юм.

Хүчирхийллийн эсрэг хоёр хэлбэрээр ажиллаж болно. Эхнийх нь хууль тогтоомж, дүрэм журмаар. Дараагийнх нь нөлөөллийн аргаар. Энэ 16 хоногийн хугацаанд та айл гэр, албан байгууллага, хамт олны хүрээнд аль болох олон хүнд нөлөөлөөрэй. Ойлголт, хандлагыг нь өөрчлөхийг хичээ. Аян дууссан ч өдөр бүл нөлөөл. Өдөр бүр анзаар. Таны нөлөөллийн цаана аз жаргал, амар амгалан, бүтэн нойр бий.

Сарын дараа хэрэгжиж эхлэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад хүчирхийллийн асуудалд чиглэсэн заалтууд орсон. Байгууллага бүр хуулиа хэрэгжүүлээд ажиллахад тодорхой үр дүн гарна гэж хүлээж байгаа.

Хүчирхийллийн асуудалд анхаарч ажилладаг УИХ-ын гишүүд, Олон улсын байгууллагууд, төрийн бус байгууллагуудад талархал илэрхийлье.

ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна