Б.Мөнхтамир захирлаа төлөөлөгчийн газруудаа цөөл ​

Т.Алтансүх | Yazguur.mn
2021/12/01

МИАТ компани 2020 оны хоёрдугаар сараас бүх нислэг зогссон, компанийн мөнгөн урсгал тухайн ондоо 58 тэрбум төгрөгийн алдагдалтай, 2021 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 52 тэрбум төгрөгийн алдагдалтай гарах төлөвтэй байна.

Энэ тухай УИХ-ын Байнгын хорооны хуралдааны үеэр гүйцэтгэх захирал Б.Мөнхтамир нь хэлж байна.

Захирлын хэлж буйгаар хэмнэлт нь хөөрхий хэдэн ажилтныхаа цалингаас суутгасан юм байна. Тэр “11 тэрбумын цалингийн хэмнэлт гэдэг нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан үндсэн ажилчидтай хамаарахгүй. Инженер техникийн ажилтнуудын нэмэгдэл цалин, илүү цагийн зардал хасагдсан учраас 11 тэрбумын хэмнэлт үүссэн. Сул зогсолтын гурван сарын хугацаанд нийт ажилчдаа цалингийн 60 хувиар цалинжуулсан.” гэв.

Түүнийх нь хариуд УИХ-ын гишүүн Д.Батлут “Цалингийн хэмнэлт гэх нэр томъёог гаргаад иржээ. Би үүнийг ойлгохгүй байна. Цар тахлын үед харин ч ажилчдадаа урамшуулал олгох ёстой. Тэгэхэд 11 тэрбум төгрөг хэмнэсэн гээд зарлаад суугаа та нарыг ойлгохгүй юм. Ийм зүйлийг оруулж ирчхээд "МИАТ" компанийн удирдлага гээд сууж байгаа бол ичмээр л санагдаж байна шүү.” Гэж бухимдсан.

Үүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хороон дарга Ж.Ганбаатар “МИАТ-ийн төлөөлөгчийн газар гэж байна. 5000 долларын цалинтай хэрнээ бүтэн жил ажилдаа очоогүй гэх мэдээлэл ирсэн. Энэ удаа аль улс гэдгийг нь хэлэхгүй” гэж байх юм.

МИАТ-ийн төлөөлөгчийн газрууд хэзээнээсээ харилцаа, хандлага, үйлчилгээ муутай гэдэг асуудал дагуулсаар ирсэн. Б.Мөнхтамир захирлын хувьд өнгөрсөн хугацаанд цар тахлаас болоод Хонконг дахь төлөөлөгчийн газраа татан буулгаад, ажилтныг нь Монголдоо ирүүлж, ажиллуулж байгаа гэх мэдээллийг өгсөн. Гэхдээ Ж.Ганбаатар гишүүний нэрлээд байгаа Төлөөлөгчийн газрынхаа тухай дуугарсангүй.

Олон нийтийн хэлж буйгаар Берлин дэх төлөөлөгчийн газрын ажилтан байх магадлалтай гэж байгаа юм. Угаас Сөүл, Токио руу нислэгүүд үйлдэгдэж тухайн орнуудад суугаа төлөөлөгчид ажилласаар байгаа аж.

Товчхондоо монголчууд эх орондоо цар тахлын үед цалингаа хасуулж байхад, төлөөлөгчийн газрынхан татаасаа авсаар суусан байна. Тэгээд ч зогсохгүй үндсэн цалингаараа шүү.

Үнэндээ МИАТ-ийн төлөөлөгчийн газрууд гэж хийсэн ажилгүй шахам хэрнээ зардал их гаргадаг талаар өмнөх захирал Б.Баттөр нь хэлж, бүр УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл өгөхдөө төлөөлөгчийн газруудаа татан буулгасан ч болно гэж байв.

Хатуу сонсогдох ч үнэн үг. Энгийн цаг үед ч нислэгийн чиглэл алдагдалтай байгаа зэрэг асуудал төлөөлөгчийн газруудтай ч бас холбоотой гэдгийг мэргэжлийнхэн нь хэлдэг.

Тиймээс ядаж нислэг үйлддэг орнууддаа МИАТ-ээ сурталчилж, үйлчлүүлэгч нартаа түргэн шуурхай үйлчилгээ үзүүлж чаддаггүй Төлөөлөгчийн газруудаа цөөлж, өндөр цалин хөлс, амьжиргааны төлбөр нэхэж байгаа хүмүүсээ эх орондоо авч ирж үз. Ядаж л хэмнэлтийн тоо нь өндөр байх байлгүй.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна