О.Батбаяр: Өнгөрсөн жил 160 мянган төгрөгийн эмийн багцад 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан

Т.Алтансүх | Yazguur.mn
2022/01/14

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Эрүүл мэндийн яамнаас омикрон хувилбарын оргил үетэй холбогдуулан сар шинийн баярыг хориглох санал, санаачилга гаргах уу? 

-Манай улсад омикрон хувилбарын давлагаа нэгдүгээр сарын сүүлч, хоёрдугаар сарын эхээр буурах болов уу гэсэн таамаглалтай байна. Тиймээс сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, гадуур зорчихгүйгээр цахимаар золгохыг уриалъя.

Өнгөрсөн жил 160 мянган төгрөгийн эмийн багцад 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан.

-Өрхийн эрүүл мэндийн төвүүд эмийн багц олгохгүй байна гэх гомдлыг иргэд хэллээ. Давтан өвдсөн хүмүүст эмийн багц өгөх үү? 

-ЭМДС-аас давтан өвдсөн хүмүүст багцыг олгож байгаа. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд өнгөрсөн онд 160 мянган төгрөгийн эрүүл мэндийн багцад 60 гаруй тэрбум төгрөг зарцуулсан.

Энэ удаад халдвар хөнгөн, вакцинжуулалтын хувь өндөр байгаа тул заавал эмийн багц авалгүй томуу, томуу төст өвчний адил өөрийгөө гэртээ тусгаарлаад, 38-аас дээш хэмтэй халуурч, ханиалгавал эмээ уугаад эдгэрэх боломжтой. Онцын шаардлагагүй бол эмийн багц заавал авах гэсний хэрэггүй. Иргэн болгон багцаа авбал таны бусад тусламж үйлчилгээнд зарцуулах мөнгөнөөс хасагдана гэсэн үг. Тэгэхээр биеийн байдал хөнгөн тохиолдолд гэртээ өөрийгөө тусгаарлаад л, эмчлэх шаардлагатай.

-Өвдөж буй хүмүүсийн хэдэн хувь нь давтан халдвар авч байна вэ? 

-Давтан өвдөлт дэлхийн улс орнуудад 3-5 дахин нэмэгдсэн. Манайд мөн адил. Учир нь давтан өвдөж байгаа хүмүүсийн 100 хувь нь өвдсөний дараа вакцин тариулаагүй байна.

-Өрхийн эмнэлэг 22:00 цаг хүртэл ажиллаж эхэллээ. Эмч, ажилчдын нэмэгдэл цалин, хөлсийг хэрхэн бодох вэ? 

-Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаалыг өөрчилж өрхийн эмнэлгийн ажиллах цагийг 20:00 цаг болгосон байна. Эмч нарын цалин, хөлсний асуудалд Эрүүл мэндийн яамнаас тодорхой зохицуулалтыг хийнэ. Одоогоор мэдээлэл алга.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна