ХӨСҮТ-д байрладаг вакцин хадгалах төв агуулахыг өргөтгөж байна

Т.Алтансүх | Yazguur.mn
16 цаг 9 минутын өмнө

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-ийн Лабораторийн үйл ажиллагааг сайжруулах, үйл ажиллагааны хамрах хүрээг өргөтгөх, зохион байгуулалтын хэд хэдэн арга хэмжээ авах үүрэг чиглэл өгсөн бөгөөд үүрэг даалгаврынхаа биелэлттэй танилцаж ажиллалаа.

ХӨСҮТ-ийн тархвар судлалын алба нь батлагдсан тохиолдлыг илрүүлж, асуумж асууж, явсан маршрутыг тодорхойлж тандалтын илрүүлгийг хийдэг.

Тус төвд өнөөдрийн байдлаар Улаан загалмай нийгэмгэмлэгийн 20-25 сайн дурын ажилчид ажиллаж, гадаадаас ирсэн иргэд болон тусгаарлан ажиглах байранд байгаа иргэд, БЗД-ийн батлагдсан тохиолдлууд дээр тандалтын судалгааг хийж тархвар зүйн судалгааг хийж байна. Ирэх долоо хоногт сайн дурын ажилчдын хүч нэмэгдүүлэн Улаан загалмай нийгэмлэгээс 400 гаруй сайн дурын ажилчид тандалтын илрүүлэг хийж ажиллана.

ХӨСҮТ-д Био аюулгүй ажиллагааны гуравдугаар зэрэглэлийн лабораторийн барилга баригдаж байгаа ба барилгын угсралтын ажил дуусч,  дотор засал, тоног төхөөрөмжийн суурилуулалт хийгдэж буй. Уг барилга ашиглалтад орсноор гадны улсуудад хийж буй зарим нарийвчилсан шинжилгээг дотооддоо цаг алдахгүй хийх боломж бүрдэх юм. Мөн тус төвд Вакцины агуулахын өргөтгөлийн барилга баригдаж байна. Үндэсний хэмжээнд вакцин хадгалах төв агуулах ХӨСҮТ-д байрладаг.

Коронавирст халдварын эсрэг вакцины үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан төв агуулахыг өргөтгөх хэрэгцээ шаардлага тулгарч, одоогоор өргөтгөлийн барилгын ажил 92%-ийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

НҮБ-ийн Хүүхдийн сангийн мэргэжилтэн вакцин хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг мэргэшсэн багийн хамт суурилуулна. Вакцины агуулахад суурилуулах тоног төхөөрөмжүүдийг өнөөдөр гааль дээрээс хүлээн авч суурилуулах ажил эхэлж байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд аль аль барилгын ажлыг гэрээт цаг хугацаандаа ашиглалтанд оруулахыг үүрэг болгож, ЭМЯ-ны зүгээс боломжит ажлууд дээр дэмжин ажиллахаа илэрхийлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна